Монгол Улсын Их Хурлын “Монгол-Бутан” парламентын найрамдлын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Баярмагнайн Баярбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бутан улсын Үндэсний ассамблейн Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутан улсын Хаан 2024 оны долдугаар сард төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр хоёр орны соёл, боловсрол, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2025 оны дөрөвдүгээр сард Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын засгийн газар болон салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулсан. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэл, бодлого, санаачлагын талаар мэдээлэл өгч, хууль тогтоох туршлага, шилдэг арга барилыг харилцан солилцохын ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Бутаны тал халуун дотно хүлээн авалтад талархал илэрхийлж, хоёр орны түүх, соёл, шашны нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцаа улам гүнзгийрч байгааг онцлов. Аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох Бутан улсын парламентын бүтэц, үйл ажиллагаа, бодлогын талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлжээ.
Уулзалтад “Монгол-Бутан” парламентын найрамдлын бүлгийн гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, О.Саранчулуун нар оролцсон бол Бутаны талаас бүлгийн дарга Куэнга болон гишүүд болох Ринчен Вангди, Намгай Вангчук, Куэнсанг Тинлей, Янчен Ламо нар оролцов.
Монгол-Бутаны парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Цэнгуун ажилладаг бөгөөд дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ч.Лодойсамбуу нар, гишүүдээр А.Ганбаатар, О.Саранчулуун, Ц.Туваан, Б.Тулга, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар багтдаг.