Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2025 оны тавдугаар сарын 25–27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж буй Олон улсын атомын энергийн агентлагийн (МАГАТЭ) Тэргүүн дэд захирал, Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба цаашдын зорилт
Уулзалтын үеэр Монгол, МАГАТЭ-ийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын оролцоо, үүргийн талаар ярилцлаа.
Техник, хүний нөөцийн чиглэлд анхаарна
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг цаашдын хамтын ажиллагаанд Монголын зүгээс анхаарч буй гол чиглэлүүд болох техникийн туслалцаа, боловсон хүчний чадавх бэхжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах талаар байр сууриа илэрхийлэв.
МАГАТЭ Монголын идэвх санаачилгыг өндрөөр үнэлэв
МАГАТЭ-ийн Баталгааны газрын захирал М.Апаро Монгол Улсыг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй, итгэлцэлтэй оролцож байгаад талархал илэрхийлээд, хамтын ажиллагаа бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. Түүнчлэн тэрбээр энэ чиглэлд илүү үр дүнтэй хамтран ажиллах бэлэн байгаагаа илэрхийлэв.