2025 оны 4-р сарын 14-нд Монгол Улсын Улаанбаатар хотноо Монгол Улсын Улсын Их Хурал болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын тогтмол уулзалтын механизмын зургаа дахь хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдааныг Монголын талаас УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Луосан Жянцюнь нар хамтран даргалсан юм.
Хоёр тал дараах дөрвөн гол чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлж, гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Үүнд:
- Парламент хоорондын болон байнгын хороодын харилцаа,
- Туршлага солилцоо,
- Худалдаа, эдийн засаг,
- “Ногоон хөгжил” буюу тогтвортой хөгжлийн асуудлууд багтаж байна.
Хуралдаанд Монголын талаас:
- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга О.Цогтгэрэл,
- Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ,
- Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар,
- УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Э.Болормаа,
- УИХ-ын гишүүн Р.Батболд, Б.Найдалаа нар оролцсон байна.
Хятадын талаас БХАТИХ-ын гишүүн, Үндэстний асуудал хариуцсан байнгын хорооны гишүүн Жан Тайфань, Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Ху Юньзи, Байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн орлогч Чэнь Фули болон бусад албан тушаалтнууд багтан оролцжээ.