Гадаадад оршин суугаа монгол иргэд болон тэдний хүүхдүүдэд зориулсан, үндэсний бичиг үсэг, түүх, соёл, уламжлал, зан заншлыг сурталчлах зорилготой “Монгол хэл, бичиг” сэдэвт үзэсгэлэн Япон улсад амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээ Токио хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хүндэтгэлийн танхим болон “Миний Монгол” сургуулийн Нихонбаши дахь салбарт болж өнгөрсөн байна.
Тус үзэсгэлэнд Япон улсад зохион байгуулагдсан “Монгол хэл, бичиг” уралдаанд оролцсон хүүхдүүд, “Нахиа” дугуйлангийн сурагчид, “Миний Монгол” сургууль болон “Монголын хүүхдийн ордон”-ы сурагчид, тэдний эцэг эхчүүдийн бүтээлүүд тавигджээ. Мөн Монгол Улсаас “Бичиг соёл төв”, ерөнхий боловсролын сургуулиудын багш, сурагчид, “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцогчдын уран бичлэг багтсан нийт 65 бүтээл олны хүртээл болсон байна. Үзэсгэлэнг 200 гаруй хүн үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнгийн хүрээнд “Монгол хэл, бичиг – бидний бахархал” сэдэвт сургалт зохион байгуулагдсан бөгөөд тус сургалтад нийт 53 оролцогч хамрагдсан байна. Мөн “Монгол хэл, бичиг” уралдаанд 35 оролцогч өөрсдийн бүтээлээрээ оролцсон байна.
Энэхүү арга хэмжээ нь хилийн чанадад амьдарч буй монгол хүүхэд залуусыг монгол бичиг соёлоо мэдэх, хадгалах, эх хэлээ эрхэмлэх сэтгэлд уриалсан чухал үйл явдал болж, олон улсын хэмжээнд монгол соёлын үнэ цэнийг түгээхэд хувь нэмэр оруулсан юм.