Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх сорил болох Монгол хэл бичгийн шалгалтыг энэ удаад цахим хэлбэрээр явуулахгүй байхаар тогтож, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд уламжлалт ёсоор танхимаар зохион байгуулахаар болсныг Боловсролын үнэлгээний төвөөс албан ёсоор мэдээллээ.
Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон иргэдийн харилцааны соёл, дархлааг тогтоох зорилготой уг шалгалтыг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх зорилтыг Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байдаг. Энэ хүрээнд 2026 онд нийт шалгуулагчдын тал хувийг цахимаар хамруулахаар төлөвлөж байсан юм.
Техникийн нөхцөл байдалтай холбоотой гаргасан шийдвэрийн үндэслэлийг дурдвал:
- Удирдамж: Боловсролын сайдын 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгийн дагуу суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар авах чиглэл өгөгдсөн.
- Туршилт: Энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулсан “туршилтын шалгалт”-аар системийн бэлэн байдлыг шалгасан.
- Дүгнэлт: Мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал болон серверийн хэт ачааллаас шалтгаалан шалгалтыг цахимаар тогтвортой явуулах боломжгүй гэж үзжээ.
Иймд шалгуулагчдын эрх ашгийг хамгаалах, шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулах үүднээс ирэх сард товлогдсон шалгалтыг орон даяар танхимын хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.
