Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлно
Улаанбаатар хотноо 2025 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ зохион байгуулагдахаар боллоо.
Энэхүү уулзалтаар хоёр тал хамтран хэрэгжүүлж буй болон шинээр эхлүүлэх хөгжлийн төслүүдийг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны бодлого, чиглэл, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр, өнөөдөр хэлэлцээний бэлтгэл ажлын хүрээнд хоёр талын хэсгийн дарга нар уулзаж, хоёр улсын бодлого, шинэчлэлийн ажлын талаар мэдээлэл солилцсон байна. Монголын талаас хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх бодлого танилцуулжээ. Харин Германы тал Монгол Улсын хамтын ажиллагаанд баримталж буй стратегийн байр сууриа илэрхийлсэн байна.
Германы тусламж, хөрөнгө оруулалт — хамтын ажиллагааны шинэ шат
Хэлэлцээний үеэр талууд тогтвортой эдийн засгийн хөгжил, дээд боловсрол, биологийн олон янз байдал, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт зэрэг салбар дахь хамтын ажиллагааны амжилт, цаашдын төлөвлөгөөг онцлон ярилцах аж.
Герман Улс нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, техникийн туслалцаа үзүүлдэг Европын тэргүүлэгч түнш бөгөөд хоёр жил тутам энэхүү хэлэлцээг явуулдаг уламжлалтай.
Өмнөх хэлэлцээний үеэр Германы Засгийн газар түүхэн дээд хэмжээний буюу 78 сая еврогийн санхүүжилт олгож, Монгол Улсыг “Debt2Health” хөтөлбөрт хамруулсан. Ингэснээр Германд эргэн төлөгдөх байсан 29 сая еврогийн зээлийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, Монголын эрүүл мэндийн салбарт халдварт өвчний эсрэг төсөл хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ.
ХБНГУ нь Монгол Улстай стратегийн түншлэл байгуулсан анхны Европын улс бөгөөд цаашид хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал нэгдээд байна.
Энэ удаагийн хэлэлцээг Монголын талаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту нар ахлан оролцоно.
