Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож байна.
1921 оны гуравдугаар сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, анхны ялалтаа байгуулжээ. Улмаар 1946 оны тавдугаар сарын 28-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 32 дугаар хурлаар энэхүү өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаж, цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгон зарлаж байв.
2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэхүү өдрийг “Зэвсэгт хүчний өдөр” болгон өөрчилсөн. Гэвч баярын цар хүрээ зөвхөн батлан хамгаалах салбарт хязгаарлагдаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэн, 2011 онд уг хуулийн 5.1.2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, “Монгол цэргийн өдөр” хэмээн нэрийдэх болсон юм.
Ийнхүү энэ өдөр Монгол Улсын батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмэр оруулсан, оруулах иргэн бүрийн баяр болон өргөжсөн билээ.