Ням, 10 сар 26, 2025
HomeУлс төрМонгол, БНСУ-ын Ерөнхийлөгчид хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэв

Монгол, БНСУ-ын Ерөнхийлөгчид хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 9-р сарын 4-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилцлага өрнүүлжээ.

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэнд Ерөнхийлөгч И Жэ Мён Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн олон салбарт хөгжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэнд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа онцолжээ. Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, өндөр болон дээд түвшний харилцан айлчлалын чухлыг онцолсон байна. Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСУ-д төрийн айлчлал хийх урилгатайг баталжээ.

Хэлэлцээний үеэр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөгөөний дагуу урагшлуулах, Монгол, Солонгосын “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэлэлцээг амжилттай үргэлжлүүлэх, ховор металл, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх асуудлыг хөндсөн байна.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжихөд ард түмний харилцан нөхөрлөл, найрамдал голлох үүрэгтэй гэдгийг онцолж, иргэдийн солилцоог дэмжихээр тохиролцжээ. Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөнтэй адил монгол иргэдийг БНСУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр, визгүй зорчих боломжийг судлах хүсэлтийг илэрхийлсэн бөгөөд Ерөнхийлөгч И Жэ Мён энэ чиглэлээр хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

БНСУ-д амьдарч, хөдөлмөр эрхэлж буй монгол иргэд тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буйд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийлэв.

Олон улс, бүс нутгийн хүрээнд хоёр улс нягт хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлж, цаашид энэ хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа талууд онцолжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд