Алтны үнэ оргилдоо хүрсэн энэ үед Монгол боломжоо алдах ёсгүй
Дэлхийн эдийн засагт үүссэн тодорхойгүй байдал, АНУ–Хятадын худалдааны маргаан, инфляцийн өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан Монголын экспорт буурч, эдийн засагт дарамт нэмэгдэж буй. Энэ нөхцөлд нүүрсний үнэ унаж, гадаад орлого хумигдаж байгаа ч алтны үнэ түүхэн дээд цэгтээ хүрсэн нь Монголд том боломжийг нээж байна.
Алт бол валютын нөөцийн “алтны” баталгаа
Алт нь улс орны мөнгөн тэмдэгтийн баталгаа төдийгүй Төв банкуудын валютын нөөцөд чухал байр суурь эзэлдэг стратегийн металл юм. Монголын хувьд эдийн засгаа тэлэх хамгийн богино хугацааны гарц нь алтны олборлолтыг нэмэгдүүлэх явдал. Монгол Улс дэлхийн алтны батлагдсан нөөцийн нэг хувийг эзэлж байгаа ч үйлдвэрлэлийн хэмжээ нь 0.7 хувьд л хүрч байна.
Монголын алтны үнэт ордууд ашиглалтад бэлэн байна
Өнөөдрийн байдлаар 560 гаруй алтны лиценз хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийн 85 хувь нь шороон ордод хамаарна. Нөөцийн хувьд эсрэгээрээ – нийт тодорхойлогдсон алтны 85 орчим хувь нь үндсэн ордод байрладаг. Гэвч ашиглагдаж буй нь ердөө 14 орд. Үлдсэн 68 нь хууль, эрх зүйн хувьд ашиглах боломжтой хэрнээ эдийн засгийн эргэлтэд ороогүй хэвээр байна.
Зөв бодлого, хөрөнгө оруулалт бол цорын ганц түлхүүр
Монгол Улс “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар олборлолтыг нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Тус хөтөлбөр нь валютын нөөцийг зузаатгах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, экспортын орлогыг өсгөхөд чухал нөлөө үзүүлнэ.
Жилд 10 тонн алт тушаах шинэ зорилт
Хөтөлбөрийн хүрээнд 45 ордын 129.1 тонн алтны нөөцийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр жилд дунджаар 10 орчим тонн алт Монголбанканд тушаагдаж, валютын нөөцөд орох орлого 900 сая ам.долларт хүрэх боломж бүрдэх юм. Харин ойрын хугацаанд шороон ордын алтны тушаалт 20–30 хувиар өсөх хүлээлт байна.
Нэг худалдан авагчтай зах зээлээс гарц хайх цаг
Монгол улс алтныхаа 98 хувийг Швейцар руу экспортолж байгаа нь хэт төвлөрсөн нийлүүлэлт гэдгийг харуулж байна. Тиймээс олборлолтыг нэмэхийн зэрэгцээ экспортын зах зээлийг төрөлжүүлэх нь амин чухал. Энэ хүрээнд “Алт-3” нь Монголыг зөвхөн олборлогч биш, олон улсын зах зээл дээр илүү хүчтэй тоглогч болгох алхам болох юм.
Дүгнэлт: Алтаар санхүүгээ аварч, валютын нөөцөө хамгаална
Алтны үнэ түүхэн дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед Монгол Улс энэ боломжийг алдах эрхгүй. Эдийн засгаа тогтвортой байлгаж, валютын нөөцөө зузаатгах, гадаад өрөө дарах, төгрөгийн ханшийг хамгаалахад алтнаас илүү найдвартай гарц үгүй гэдгийг бодлого тодорхойлогчид нэгэн дуугаар онцолж байна.