Өвлийн олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдахаар товлогдоод байна. Дэлхийн өвлийн спортын хамгийн том наадам эхлэхэд 32 хоног үлдэж, оролцогч орнууд бэлтгэлээ эцэслэн базааж буй үе юм.
Монгол Улс өвлийн олимпын тайзан дээр анх “Инсбрук 1964” наадамд хүч үзсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн өвлийн олимпод тамирчдаа илгээсэн түүхтэй. Энэ хугацаанд гүйлтийн цана, биатлон, шорт трек, гүйлтийн тэшүүр зэрэг төрлөөр Монголын тамирчид олон улсын өрсөлдөөнд оролцож ирсэн нь өвлийн спортын уламжлал, хөгжлийн нэгээхэн хэсэг болж байна.
“Милан Кортина 2026” өвлийн олимпод 90 гаруй улсын 3,500 орчим тамирчин спортын 16 төрөлд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж, нийт 116 багц медалийн төлөө тунаж үлдэхээр төлөвлөгдөж байна. Энэхүү наадам нь өвлийн спортын шилдгүүдийг нэг дор цуглуулахын зэрэгцээ олимпын шинэ оддыг тодруулах томоохон боломж болох юм.
Монгол Улсаас “Милан Кортина 2026” наадамд гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, уулын цанын төрөлд А.Ариунбат нар оролцох болзлоо хангаад байгаа нь дотоодын өвлийн спортын хувьд чухал мэдээ болж байна. Тамирчдын албан ёсны эцсийн баталгаажуулалт 2026 оны нэгдүгээр сарын 18-нд хийгдэх бөгөөд үүний дараа оролцогчдын бүрэлдэхүүн эцэслэн тодорхой болох юм.
Монгол Улсаа төлөөлөн өвлийн олимпын наадамд оролцох эрхээ хангаад буй тамирчдадаа өндөр амжилт хүсэж, Милан болон Кортина-д’Ампеццо хотуудын цасан талбайд эх орныхоо нэрийг өндөрт өргөн өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна.
