Итали улсын Милан болон Кортина хотууд ирэх хоёрдугаар сарын 6-наас 22-ны хооронд өвлийн олимпын 25 дугаар наадмыг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Монгол Улс 1964 оны Инсбрукийн олимпоос хойш цана, биатлон, тэшүүрийн төрлүүдээр нийт 15 удаа энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцсон баялаг түүхтэй билээ. Энэхүү түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн манай тамирчид цагаан олимпын тавцанд эх орныхоо нэрийг гаргахаар бэлтгэл сургуулилалтаа базааж байна.
“Милан Кортина-2026” наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчин спортын 16 төрлөөр 116 багц медалийн төлөө хурд хүчээ сорих юм. Манай улсаас одоогоор гүйлтийн болон уулын цанын төрөлд гурван тамирчин олимпын замд хурдлах эрхээ албан ёсоор аваад байна. Тус наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг танилцуулбал:
- Гүйлтийн цана: Олон улсын хэмжээний мастер, дэслэгч Э.Ариунтунгалаг (Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Соёл, спортын төвийн дарга)
- Гүйлтийн цана: Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах
- Уулын цана: Тамирчин А.Ариунбат
Түүнчлэн Европын орнуудад зохион байгуулагдаж буй Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд манай тамирчид олимпын эрх нэмж авахын төлөө үргэлжлүүлэн өрсөлдөж байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, дэд ахлагч Э.Энхсайхан тэргүүтэй биатлончид Италийн замд уралдах эрхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа юм. Олимпын эрх олгох тэмцээнүүд үргэлжилж байгаа тул Монголын баг бүрэлдэхүүн нэмэгдэх бүрэн боломжтойг спортын мэргэжилтнүүд онцолж байна.
