Формула-1-ийн долоон удаагийн дэлхийн аварга, домогт нисгэгч Михаэль Шумахер-ийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг Германы сэтгүүлч Феликс Горнер ил болгожээ. Түүний хэлснээр, Шумахер одоо бүрэн асаргаанд орсон бөгөөд ярих чадвараа алдаад байна.
Хувийн орон зайг хамгаалсан гэр бүл
RTL телевизийн туршлагатай сурвалжлагч Горнер олон жилийн турш Михаэлийн карьерийг даган мэдээлж байсан нэгэн. Тэрбээр:
“Энэ бол үнэхээр харамсалтай байдал. Михаэль бусдын туслалцаанд бүрэн хамааралтай болсон. Тэр одоо ярих боломжгүй болсон бөгөөд зөвхөн 20 хүнээс илүүгүй тооны хүн л түүнтэй уулзах эрхтэй. Гэхдээ энэ бол гэр бүлийн зөв шийдвэр. Тэр үргэлж хувийн амьдралаа хамгаалж ирсэн, энэ байр суурь өнөөдөр ч хэвээр байна” хэмээн мэдэгджээ.
Ослын дараах он жилүүд
Шумахер 2013 оны 12-р сард Францын Альпад цанаар гулгаж явахдаа осолдож, хүнд гэмтэл авсан юм. Толгойн гэмтлийн улмаас комд орсон тэрбээр 2014 онд ухаан орсон ч, түүний биеийн байдал өнөөг хүртэл нууц байсаар ирсэн. Михаэль сүүлийн 10 гаруй жил олны өмнө гарч ирээгүй, гэр бүлийнхэн нь түүний хувийн нууцыг чанд хамгаалсаар байна.
Шантааж ба шүүх ажиллагаа
2024 оны 12-р сард Германд гурван этгээдэд Шумахерийн гэр бүлээс их хэмжээний мөнгө нэхэмжилж, шантааж хийсэн хэргээр шүүх хурал болсон. Тэд гэр бүлийнхэнтэй хийсэн харилцаа болон зураг, бичлэгээр сүрдүүлж байсан бөгөөд шүүх дээр тэд “Шумахерийн биеийн байдал хүнд хэвээр байна” гэж мэдүүлсэн байна.