Microsoft компани 1985 оноос хойш анх удаа Windows үйлдлийн системийн “үхлийн цэнхэр дэлгэц” (Blue Screen of Death, BSOD)-ийн өнгө, дизайныг өөрчлөхөөр боллоо. Энэхүү дэлгэц нь системд ноцтой алдаа гарсан үед хэрэглэгчдэд мэдээлэл үзүүлдэг онцгой анхааруулга юм.
Цэнхэр биш, хар дэлгэц
The Verge-ийн мэдээлснээр, компанийн зүгээс энэ оны эхэнд уг дэлгэцийг ногоон өнгөтэй болгоно хэмээн мэдэгдэж байсан ч, одоо хар өнгө сонгогдсон болохыг баталжээ.
Шинэ хувилбар нь харааны хувьд илүү тод, техникийн мэдээллийг ойлгомжтой болгоход чиглэж байгаа аж.
Дэлгэцээс сэтгэл гутарсан смайлик, QR код алга болно
Шинэ дизайнд:
- Гунигтай смайлик,
- QR код зэрэг өмнө нь хэрэглэгддэг байсан элементүүд байхгүй болно.
Түүний оронд алдааны код болон асуудал үүсгэсэн системийн драйверын нэр шууд дэлгэц дээр гарч ирнэ. Энэ нь мэргэжилтнүүдэд болон хэрэглэгчдэд асуудлыг түргэн оношлох, шийдэх боломжийг олгоно гэж Microsoft-ийн дэд ерөнхийлөгч Дэвид Уэстон тайлбарлав. Тэрээр “Энэ бол ойлгомжтой байдал нэмэгдүүлж, шийдэлд хурдан хүрэхэд туслах зорилготой алхам” хэмээжээ.
Windows 11 шинэчлэлээр хамт нэвтрүүлнэ
Шинэ BSOD загвар нь 2025 оны зун гарах Windows 11-ийн шинэ хувилбарт багтаах төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн компанийн зүгээс “Quick Machine Recovery” нэртэй шинэ функцийг танилцуулах бөгөөд энэ нь огт ачааллаж чадахгүй болсон компьютеруудыг хурдан сэргээх зориулалттай юм.
Энэхүү шинэчлэл нь 2024 онд CrowdStrike-ийн аюулгүйн системийн шинэчлэлээс үүдэн олон улсын түвшинд өрнөсөн системийн гацалт зэрэг алдааг дахин давтагдуулахгүйн тулд хийгдэж байгаа гэж мэдэгдэв.
BSOD буюу “Blue Screen of Death” анх 1985 оны Windows 1.0-д гарч ирсэн бөгөөд тэр цагаас хойш Windows хэрэглэгчдэд алдааг илтгэх хамгийн нэрд гарсан дэлгэц болон хөгжсөн юм.