Улаанбаатар–Сингапур чиглэлд тогтмол нислэг эхлэнэ
“МИАТ” ТӨХК ирэх арваннэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо. Нислэгүүдийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад хийхээр төлөвлөжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир мэдээлэхдээ, “МИАТ компанийн нислэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийт 3526 нислэгээр 983 мянган зорчигч, 8579 тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй” гэв.
Тэрбээр мөн, “2025 оны 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар–Сингапурын анхны шууд нислэг үйлдэхэд бүрэн бэлэн болсон. Өдгөө “МИАТ” олон улсын 14, орон нутгийн 8 чиглэлд нислэг үйлдэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 10 нислэг, зуны улиралд 25–30 нислэг хийдэг” гэж нэмж мэдээлэв.
Нисэх буудлын хураамжийн өсөлт тулгамдсан асуудал болжээ
Б.Мөнхтамирын хэлснээр, компанийн үйл ажиллагаанд нөлөөлж буй нэг асуудал нь нисэх буудлын хураамжийн өсөлт юм. Тэрбээр өнгөрсөн сард “НУБИЭ ХХК”-ийн гүйцэтгэх захирал Нода Тэцүотой уулзаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хураамжийн үнэ 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр байгаа талаар ярилцсан байна.
Одоогоор хураамжийн үнэ 17 мянган төгрөг байгаа бол ирэх оноос 18 ам.доллар болж өсөхөөр байгаа аж. Энэ нь дэлхийн дунджаас 2–3 дахин өндөр үнэтэй тул хоёр тал Концессын гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ.
