Цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан МИАТ-ийн зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орох боломжтой гэж тус компаниас мэдэгдлээ.
МИАТ-ийн мэдээлснээр: “Энэ сарын 19-25-ны өдрүүдэд нийт нутгийн зарим хэсгээр аянга цахилгаантай бороо орох, салхины эрч ширүүсэх зэрэг цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсэх төлөвтэй байгаа тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс эдгээр өдрүүдэд олон улсын болон орон нутгийн нислэгүүдэд тодорхой өөрчлөлт орох магадлалтай байгааг үүгээр мэдэгдье. Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухайн нислэгийн зорчигчдын гар утсанд мессежээр болон мэйл хаягаар нислэгийн шинэчилсэн цагийн хуваарийг илгээх болно” гэжээ.
Зорчигчдод өгөх зөвлөмж
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн хуваарьт өөрчлөлт орох эрсдэл өндөр байгаа тул зорчигчид МИАТ-ийн албан ёсны мэдээллийн сувгуудыг байнга хянаж, утсаар болон цахим шуудангаар ирсэн мэдэгдлүүдийг анхааралтай шалгахыг зөвлөж байна.