Даваа, 6 сар 9, 2025
HomeЭрүүл мэндМенингококкт халдвар авсан нэг настай хүүхдийг аймгийн төв рүү шилжүүлжээ

Менингококкт халдвар авсан нэг настай хүүхдийг аймгийн төв рүү шилжүүлжээ

Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдвар авсан нэг настай хүүхдийн тохиолдол бүртгэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд аймгийн төв эмнэлэг рүү шилжүүлэн үргэлжлүүлэн эмчилж байна.

Шуурхай арга хэмжээ авч ажиллажээ

Тухайн тохиолдол 2025 оны 5-р сарын 6-ны 21:00 цагийн орчимд сэжигтэй гэж бүртгэгдсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдол болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн мэргэжлийн баг шуурхай хариу арга хэмжээ авч, хуралдаж, газар дээр нь ажилласан байна.

Халдварын онцлог, эрсдэл

Менингококкт халдвар буюу цахилгаан менингит нь агаар дуслын замаар буюу шүлсээр дамжин халдварладаг. Хамгийн их өртөгдөж байгаа бүлэг нь 4 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд нийт өвчлөгсдийн 80–85 хувийг эзэлж байна. ХӨСҮТ-ийн эмч нар эцэг эхчүүдэд хүүхдээ үнсэхгүй байхыг зөвлөж, халдварын дамжих замыг хаах нь чухал гэж анхааруулж байна.

2025 он гарснаас хойш Налайх дүүрэгт менингитийн нэг тохиолдол бүртгэгдэж, тухайн хүүхэд харамсалтайгаар нас барсан байна.

Эмчийн сэрэмжлүүлэг

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач Ч.Уртнасан өмнө нь дараах анхааруулгыг өгч байв: “Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 12–16 цагийн дотор хурдан илэрч, эмчилгээ хожимдвол өвчтөн хурдан хүндэрч, эндэгдэлд хүргэдэг. Халдвар нь өвчтэй хүн болон эрүүл тээгчээс агаар дуслын замаар дамжин халдварлана.

Хүүхэд гэнэт 38–40 хэм хүртэл халуурч, шоконд орж, хүндэрдэг. Эцэг эхчүүд томуутай андуурч, эмнэлэгт хожуу хандах нь нийт эндэгдлийн 60–70 хувийг бүрдүүлдэг.

Мөн өвчтөнд улаан өнгийн тууралт хөлнөөс эхэлж гардаг тул энэ шинж тэмдгийг анзаарах нь маш чухал.

Хэрэв хүүхэд 38 хэмээс дээш халуурч, биеийн халуун нь буурахгүй, гэрэл болон дуу чимээнд маш мэдрэг болж, толгой хүчтэй өвдөж байвал яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Менингококк нян гадаад орчинд маш богино хугацаанд устдаг. Тасалгааны нөхцөлд 1–3 цаг, нарны гэрэлд 2–8 цаг, ариутгалын бодисонд 1–2 минутын дотор устдаг. Иймээс ариун цэвэр, цэвэрлэгээг сайтар хийх нь халдварын эсрэг үр дүнтэй хамгаалалт юм.”

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд