Мексикийн “Халискогийн шинэ үеийн картель”-ийн толгойлогч Немесио Осегера Сервантесыг баривчлах ажиллагааны үеэр тэрээр амиа алдсантай холбоотойгоор тус улсад хүчирхийлэл газар авч, хамгийн багадаа 14 хүн амь үрэгдсэн тухай Associated Press агентлагт үндэслэн Mongolnews24.com мэдээллээ.
Амиа алдагсдын дотор Мексикийн Үндэсний гвардийн долоон албан хаагч байгаа бөгөөд Халиско, Мичоакан, Гуанахуато мужуудад хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгджээ.
Мексикийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тусгай ажиллагааны зорилго нь Осегерыг амьдаар нь баривчлах байсан боловч Халиско мужийн нийслэл Гвадалахара хотын ойролцоо зэвсэгт этгээдүүдтэй буудалцаан болжээ. Шархадсан Осегерыг нисдэг тэргээр Мехико хот руу тээвэрлэх явцад тэрээр амьсгал хураасан байна.
Картелийн гишүүд хариу болгож замуудыг хааж, тээврийн хэрэгслүүдийг шатааж эхэлжээ. Мексикийн хоёр дахь том хот болох Гвадалахара хот бүхэлдээ бүслэлтэд орсон бол Америкийн тэтгэвэр авагчдын амрах дуртай Пуэрто-Вальярта хотод ч галдан шатаах хэргүүд гарсан байна.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум иргэдээ тайван байхыг уриаллаа. Одоогийн байдлаар эрх баригчид тус улсын 20 мужид картелийн гишүүдийн босгосон 250 орчим замын хаалтын ихэнхийг цэвэрлээд байгаа аж.
АНУ-ын оролцоо
Цагаан ордны төлөөлөгч Кэролайн Левитт мэдэгдэхдээ, Осегерыг баривчлах ажиллагаанд АНУ-ын тал тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэжээ. АНУ-ын засаг захиргаа уг картелийг олон улсын террорист байгууллагын жагсаалтад оруулсан байсан бөгөөд Төрийн департаментаас хар тамхины бароныг баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд 15 сая ам.долларын шагнал амлаад байсан юм.
Мэдэхэд илүүдэхгүй: 2009 онд байгуулагдсан тус картель нь Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн хурдацтай өсөж буй гэмт хэргийн бүлэглэлд тооцогддог. Тэд АНУ руу фентанил, кокаин, героин, метамфетаминыг их хэмжээгээр тээвэрлэхээс гадна цэргийнхэн рүү халдаж, дрон ашиглан тэсрэх бөмбөг хаядаг анхны бүлэглэл болсон юм.
