Залуу уран бүтээлч Magnet Brain (Г.Маргад) олон улсын хөгжмийн урлагийн тайзнаа амжилттай алхам хийж, “Berlin Music Video Awards 2025” (BMVA)-ын “Best Song” буюу “Шилдэг дуу” номинацид ялалт байгууллаа.
2025 оны зургаадугаар сарын 14-нд Берлин хотод зохион байгуулагдсан уг шагнал гардуулах ёслол нь тус наадмын 13 дахь удаагийн үйл ажиллагаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдийг ур чадвараар нь үнэлж, шагнадаг өндөр нэр хүндтэй арга хэмжээ юм.
Magnet Brain энэхүү шагналыг “Soul Mantra” нэртэй уран бүтээлээрээ хүртсэн бөгөөд ёслолын үеэр дуугаа толилуулж, олон улсын үзэгч, уран бүтээлчдээс өндөр үнэлгээ, алга ташилт хүртжээ. “Soul Mantra” нь дуу, хөгжим, дүрслэл, сэтгэл хөдлөлийг нэгэн цул болгон илэрхийлсэн, уран бүтээлийн өндөр түвшинд бүтээгдсэн бүтээл хэмээн шүүмжлэгчид онцолж байна.