Дэлхийн спортын түүхэнд нэр хүндтэйд тооцогддог “World Games” буюу Дэлхийн наадам 2025 оны наймдугаар сарын 7-17-нд БНХАУ-ын Чэндү хотноо зохион байгуулагдана. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын 12 дахь удаагийн тэмцээнд 34 спортын 60 төрөлд 253 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансааны эхний зургаад багтсан шилдэг тамирчид урилгаар оролцох бөгөөд Монгол Улсын жюү жицүгийн хоёр шилдэг тамирчин урилгаар оролцох эрхээ авлаа. Тодруулбал:
- Ганбатын Монголжин — эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд дэлхийд шилдэг 3-т эрэмбэлэгдэж буй.
- Чойжамцын Түвдэнтарваа — эрэгтэйчүүдийн -69 кг-д дэлхийн шилдгүүдэд багтаж буй.
Өнөөдөр /2025.04.22/ Монголын жюү жицүгийн холбоо тэднийг албан ёсоор хүлээн авч, тэмцээнд оролцох урилгыг гардуулан өгсөн юм.
Сонирхуулахад, МЖЖХ-ны дэд ерөнхийлөгч, “Гүмүда констракшн” компанийн захирал П.Бүрэнжаргал тамирчдаа урамшуулж, Дэлхийн наадмаас аваргын алтан медаль хүртвэл “Гүмүда Гарден” хотхонд байр бэлэглэхээ амласан байна.
Монголын жюү жицүгийн хувьд өмнө нь нэг тамирчин Дэлхийн наадамд уригдан оролцдог байсан бол энэ жил анх удаа эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчин зэрэг нэрлэгдсэн нь уг спортын Монгол дахь хөгжил, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг харуулж байгаа томоохон үзүүлэлт болж байна.