УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг өрнөж байна.
Цаазын ялын тухай асуудлыг сөхөв
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара сүүлийн үед нийгмийг цочроосон онц ноцтой хэргүүдтэй холбогдуулан, цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санал гаргалаа.
Тэрээр байр сууриа илэрхийлэхдээ:
“Төсвөөс гадна цаг үеийн асуудлаар дуу хоолойгоо илэрхийлмээр байна. Нийгэмд аймшигтай гэмт хэргүүд гараад байна. Үүнтэй холбоотойгоор маш олон иргэн цаазын ялыг сэргээх талаар дуугарч буй. Тэгтэл гишүүд хүн алах тухай ярьж байна гээд байх юм. Энэ бол зүгээр байгаа хүнийг алах тухай биш юм. Хүний амь насыг онц ноцтойгоор хөнөөж, удаа дараа аллага үйлдэж тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийг харгисаар хядаж байгаа асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Тиймээс УИХ-ын даргаас ажлын хэсэг байгуулаад, цаазын ялын талаар судалж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.
Х.Тэмүүжин гишүүн “Цаазын ялаар попорч болохгүй” гэж байна. Попроод байсан юм байхгүй. Цаазын ялгүйгээр иргэнээ, хүүхэд, эмэгтэйчүүдээ хамгаалах арга байна уу. Ийм асуудлыг мэргэжлийн хуульч, парламентад олон удаа сонгогдсон туршлагатай хүмүүс судлаад, санаачлаад явах ёстой” хэмээн онцоллоо.
Дүгнэлт
Ийнхүү УИХ-ын танхимд цаазын ялыг сэргээх эсэх асуудал дахин яригдаж, ажлын хэсэг байгуулж судлах санал албан ёсоор тавигдлаа. Энэ нь цаашид хууль тогтоох байгууллагын түвшинд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнөх эхлэл болж байна.