Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны “Эв санааны нэгдэл” сангаас “Лос Анжелес 2028” олимпын наадамд оролцох тамирчдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан. Энэхүү хөтөлбөр нь тамирчдад олимпын эрхийн тэмцээнүүдэд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, олимпын бэлтгэлийг санхүүгийн хувьд дэмжих зорилготой юм.
Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ) спортын холбоодоос нэр дэвшүүлсэн тамирчдын амжилтыг ОУОХ-нд хүргүүлсний үндсэн дээр олон улсын спорт холбоодтой хамтран судалж, шийдвэр гаргана. Үүний дараа тамирчин, спортын холбоо болон МҮОХ хооронд гурвалсан гэрээ байгуулагдаж байна.
Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчид болон спортын холбоодын төлөөллийг “Олимпик хаус”-т хүлээн авч, амжилт хүслээ.
Тэтгэлэгт хамрагдсан тамирчид
- Чөлөөт бөх: Н.Батбилгүүн, Б.Мөнх-Эрдэнэ, Э.Даваанасан
- Жүдо: Л.Энхрийлэн, Л.Анхзаяа
- Бокс: Б.Мишээлт, О.Есүгэн
- Буудлага: О.Есүгэн
- Байт харваа: Б.Урантунгалаг
- Таэквондо: Г.Энхбаяр
- Дугуй: С.Жамбалжамц
- Хүндийг өргөлт: Г.Ануужин
Тэтгэлгийн нөхцөл
- Тэтгэлэг 2025 оны есдүгээр сарын 1-нээс эхэлнэ.
- Олимпын эрхээ авсан тамирчид МҮОХ-ны баталгаажуулалтаар 2028 оны наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлүүлэн дэмжлэг авна.
- Сар бүр 750 ам.долларын тэтгэлэг олгож, дөрвөн сар тутамд 3000 ам.долларын санхүүжилт олгоно.
Өмнөх “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт найман спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд тэднээс есөн тамирчин олимпын эрхээ авч, хөтөлбөрийг 60 хувийн амжилттай хэрэгжүүлж байжээ.