Олон улсын олимпын хорооны (ОУОХ) гүйцэтгэх зөвлөлөөс 2028 онд АНУ-ын Лос Анжелес хотноо болох олимпын наадамд хүндийн өргөлтийн төрөлд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргалаа. Шинэчлэлтийн хүрээнд хоёр шинэ жингийн ангилал нэмэгдэж, нийтдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан ангилалтай буюу 12 жингийн ангилал болж өргөжсөн байна.
Тамирчдын тоо нэмэгдэхгүй бөгөөд нийт 120 тамирчин (60 эрэгтэй, 60 эмэгтэй) олимпт оролцоно. Нэг ангилалд дунджаар 10 тамирчин медалийн төлөө өрсөлдөхөөр тогтоожээ. Хүндийн өргөлтийн тэмцээн 2028 оны долдугаар сарын 25-29-ний өдрүүдэд явагдах юм.
Шийдвэрийн зорилго ба утга
Энэ өөрчлөлтийг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комисс санал болгосон бөгөөд жингийн ангиллыг илүү тэнцвэртэй болгож, тамирчдын эрүүл мэндэд үзүүлэх дарамт, эрсдэлийг бууруулах зорилготой.
ОУХӨХ-ны Ерөнхийлөгч Мохаммед Жалуд хэлэхдээ:
“ОУОХ нь манай холбооны санал, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд бид их баяртай байна. Лос Анжелесийн олимп тамирчид болон үзэгчдийн аль алинд нь баяр хөөр авчрах, гайхалтай наадам болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн онцолжээ.
Шинэ жингийн ангиллууд
Эдгээр шинэчлэгдсэн ангиллууд 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
- Эмэгтэйчүүдийн ангилал: 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 77 кг, -86 кг, +86 кг
- Эрэгтэйчүүдийн ангилал: 60 кг, 65 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 94 кг, -110 кг, +110 кг
Шинэ ангиллыг анх удаа 2025 оны аравдугаар сарын 2-11-нд Норвегийн Ферде хотод болох дэлхийн аваргын үеэр ашиглана.