Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Месси ойролцоогоор 50 сая еврогийн үнэтэй, тансаг зэрэглэлийн хувийн хөлөг онгоц эзэмшдэг. Энэхүү Gulfstream V загварын бизнес ангиллын хөлгийг тэрээр гэр бүл, ойр дотнынхонтойгоо аялахад ашигладаг байна.
Уг хөлгийн хамгийн онцлох шийдэл нь түүний “хувьчилсан” засал юм. Салон руу орох шатны гишгүүр бүр дээр хөлбөмбөгчний гэр бүлийн гишүүдийн нэрс буюу Leo, Antonela, Thiago, Ciro, Mateo хэмээн сийлсэн байдаг. Мөн онгоцны сүүл хэсэгт Мессигийн бэлгэдэл болсон 10 дугаарыг томоор байрлуулжээ.
Хувийн хөлгийн дотор тал нь тухлаг том буйдангууд, хурлын ширээ болон амралтын тусгай хэсгүүд бүхий тансаг тохижилттой. Өрнөдийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, уг хөлөг 16 зорчигчийн багтаамжтай бөгөөд зарим суудлыг нь бүрэн хэмжээний ор болгон засаж болдог аж.
Дэлхийн спортын одод хувийн хөлөг ашиглах нь ердийн үзэгдэл боловч Мессигийн онгоц гэр бүлийн бэлгэдлээрээ бусдаас илүү онцгойрдог. Хөлбөмбөгчин өөрөө ч амьдралынх нь хамгийн чухал үнэт зүйл бол гэр бүл гэдгийг олон удаа онцолж байсан юм.

Одоогоор Месси Америкийн “Интер Майами” клубт тоглож байгаа бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нөлөө бүхий, хамгийн их танигдсан эрхмүүдийн нэг хэвээр байна.
