Хятадад алдартай Лабубу (Labubu) тоглоомыг үйлдвэрлэдэг үйлдвэрт хөдөлмөрийн эрхийн ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Mongolnews24.com сайтын мэдээлснээр, The Guardian сонин Хятадын хөдөлмөрийн хяналтын байгууллага (China Labor Watch – CLW)-ын Цзянси мужийн Shunjia Toys үйлдвэрт хийсэн шалгалтын тайланг иш татан энэ талаар мэдээлжээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:
- Өсвөр насныхны хөдөлмөр: Үйлдвэрт 16-17 насны өсвөр насныхан Хятадын хууль тогтоомжид заасан тусгай нөхцөл, хязгаарлалтгүйгээр ажиллаж байжээ. Тэднийг насанд хүрэгчидтэй ижил нормтой конвейерийн шугамд ажиллуулж байсан байна.
- Хоосон гэрээ: Ажилчид хөдөлмөрийн нөхцөл, цалин болон гэрээний хугацаагаа мэдэхгүйгээр хоосон гэрээнд гарын үсэг зурдаг байсан гэх мэдээлэл гарчээ.
- Илүү цагийн хэт ачаалал: Тоглоомын эрэлт их байгаагаас шалтгаалан илүү цагаар ажиллах хугацаа нь хуулиар зөвшөөрөгдсөн сарын 36 цагаас хол давж, зарим тохиолдолд 100 цагт хүрч байсан байна.
Уг мөрдөн шалгах ажиллагаа хэдэн сар үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд эрх хамгаалагчид 50 гаруй ажилчинтай биечлэн уулзаж ярилцжээ.
Компанийн хариу үйлдэл
Лабубу бол Pop Mart компанийн хамгийн амжилттай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. 2025 оны эхний хагаст уг цуврал тус компанид тэрбум тэрбум юанийн ашиг авчирсан байна.
Pop Mart компанийн зүгээс нийлүүлэгчдээ тогтмол аудит хийдэг гэж мэдэгдсэн бөгөөд тайланд дурдсан баримтуудыг шалгаж эхэлснээ мэдэгдэв. Харин Pop Mart-д гэрээгээр тоглоом нийлүүлдэг Shunjia Toys үйлдвэрийн төлөөлөгчид сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхөөс татгалзжээ.
