Даваа, 6 сар 9, 2025
HomeУлс төрЛ.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорлоо

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорлоо

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлсэнгүй. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцогдож байна.

“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр 50 гаруй гишүүн Ерөнхий сайдаас асуулт асууж, 30 гаруй гишүүн байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг нууцаар, цаасаар явуулах горимын санал гаргасныг гишүүдийн 65.3 хувь нь дэмжсэн байна.

Үүний дагуу санал хураалтад оролцсон 82 гишүүний 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжсэн бол 38 нь эсэргүүцжээ. Гэвч Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийн тулд 64 гишүүн буюу нийт гишүүдийн олонх дэмжих шаардлагатай тул тогтоол батлагдсангүй.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг санал хураалтад оролцохгүй гэдгээ зарлаж, чуулганы танхимыг орхин гарсан байна. Чуулганы төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ:

Цар тахал, дайн, тарифын дарамт гэх мэт олон улсын хүнд нөхцөл байдал дунд ард түмэндээ зүтгэсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Өнөөдөр энэ танхимд хүч мөхөстөж байгаа ч, гадаах ард түмний хүсэл эрмэлзэл өөр гэдэгт итгэдэг. Аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж үгүй” хэмээн онцоллоо.

Үндсэн хуульд зааснаар УИХ 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох үүрэгтэй. Харин шинэ Ерөнхий сайд томилогдтол Л.Оюун-Эрдэнэ үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд