2024 оны хоёрдугаар сард таалал төгссөн Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рун санхүүгийн хүнд нөхцөлд орсон байсныг сүүлийн үеийн мэдээллүүд харуулж байна. Тэрээр аавынхаа бизнесийг дэмжих зорилгоор их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бөгөөд энэхүү зээл нь эргэн төлөгдөөгүй тул нийт 180 мянган ам.долларын хохирол хүлээжээ.
“SBS Entertainment News”-ийн мэдээлснээр, жүжигчин бүсгүй гэр бүлийн өр зээлийг ч бас тодорхой хэмжээгээр барагдуулж байсан төдийгүй энтертайнментын салбар дахь танилуудаасаа санхүүгийн туслалцаа хүртэл авч байжээ.
Ковид-19 цар тахлын хүнд үеэр түүний аавын бизнес уналтад орж, 2020 оны арванхоёрдугаар сард дампуурал зарласан байдаг. Үүний үр дүнд ойролцоогоор 20 гаруй зээлдүүлэгчид өртэй үлдсэн бөгөөд зээлдэгчдийн дунд Ким Сэ Рун өөрөө ч байсан байна.
Гэр бүлийн эзэмшдэг байсан ресторан түрээс болон засвар үйлчилгээний төлбөрөө төлж чадаагүйгээс үйл ажиллагаагаа зогсоожээ. Энэ бүхэн Ким Сэ Руны санхүүгийн ачааллыг улам нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн, 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт холбогдож, бусдад учруулсан хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн нь нөхцөл байдлыг бүр ч дордуулжээ. 2023 оны шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгчид “Ким Сэ Рун өрхийн тэргүүн бөгөөд санхүүгийн дарамттай гэр бүлийнхнээ дэмждэг байсан” хэмээн мэдэгдэж байв.
Харин Ким Сэ Руны нас барсны дараа түүний ээж олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ: “Сэ Рун гэр бүлийнхээ цор ганц санхүүгийн тулгуур байсан гэсэн мэдээлэл ташаа” гэж мэдэгдсэн байна.