Камчаткийн хойгт сүүлийн арван жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болж, засаг захиргааны дэд бүтэц гэмтэж, цунамийн аюул зарлагджээ гэж Mongolnews24.com сайтад Оросын нийгмийн сүлжээний хуудсуудыг иш татан мэдээллээ.
Анхны газар хөдлөлт Северо-Курильск хотод орон нутгийн цагаар 15:30 цагт (Монголын цагаар) болсон. Гэрчүүдийн мэдээлснээр, энэ үед:
- Тавилга чичирч, дэлгүүрийн тавиур дээрх бараа унасан.
- Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэмтэж, автомашины дохиолол ажилласан.
Сейсмологийн урьдчилсан үнэлгээгээр, гол цохилтын хүч 7.9 баллд хүрсэн байна. Петропавловск-Камчатскийн зарим дүүрэгт 7-8 баллын хүчтэй чичиргээ мэдрэгджээ. Северо-Курильскт мөн газар хөдлөлт бүртгэгдсэн.
Цунамийн аюул ба нүүлгэн шилжүүлэлт
Сахалины мужийн засаг дарга Валерий Лимаренко цунамийн аюул зарлагдсаныг мэдэгдэж, иргэдийг аюултай бүсээс өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлж байна гэжээ:
“Яаралтай тусламжийн алба бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, нөхцөл байдал хяналтад байна. Хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, хэвийн амьдралыг сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.”
Камчаткийн засаг дарга Владимир Солодов хэлэхдээ: “Бүс нутаг сүүлийн арван жилд байгаагүй хүчтэй чичиргээг мэдэрлээ. Цунамийн аюул зарлагдсан бөгөөд давлагааны хэмжээ тодорхойлогдож байна. Иргэдийг эргийн шугамд ойртохгүй, чанга яригчийн мэдэгдлийг дагахыг уриалж байна.”
Северо-Курильскын “Родничок” нэртэй 15-р хүүхдийн цэцэрлэгийн барилгын фасадын нэг хэсэг нурсан. Аз болоход, уг барилгад хүүхэд байгаагүй бөгөөд засвар хийж байсан ажилчид цаг тухайд нь гарч чаджээ.
Газар хөдлөлтийн дараа АНУ-ын Далай ба Агаар мандлын судалгааны үндэсний удирдлага Аляскийн хойгт цунамийн аюул зарласан. Японы цаг уурын агентлаг мөн өөрийн улсын эрэгт цунамийн аюул нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Северо-Курильскын эрэгт цунамийн эхний давлагаа хүрсэн байна. Үүний зэрэгцээ Камчаткад 5.8 магнитудын шинэ афтершок бүртгэгджээ.