Израилын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Ираны “бодит удирдагч” гэгддэг Али Ларижаниг 3-р сарын 17-нд шилжих шөнө Израилын армийн гүйцэтгэсэн агаарын цохилтын үеэр амиа алдсан гэж мэдэгдлээ.
Израилын 12-р телевизийн аюулгүй байдлын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр, 3-р сарын 16-ны өдөр Али Ларижани Тегеран дахь нууц байрандаа ирэх гэж буй тухай тагнуулын мэдээлэл иржээ. Тэрээр агаарын дайралт болох үед хүүгийнхээ хамт уг байранд байсан байна. “Ийм хүчтэй цохилтын дараа түүнд амьд үлдэх ямар ч боломж байгаагүй” гэж эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн Израилын батлан хамгаалах хүчин (ЦАХАЛ) Тегеранд хийсэн цохилтын үеэр Ираны сайн дурын зэвсэгт бүлэглэл болох “Басиж”-ийн командлагч Голамреза Сулеймани амиа алдсан болохыг зарлалаа. Хожим нь Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд Сулеймани АНУ болон Израилын хамтарсан дайралтын үеэр амь үрэгдсэнийг баталсан байна.
“Басиж” нь Исламын хувьсгалыг хамгаалах корпусын (КСИР) бүрэлдэхүүн дэх тусгай нэгж бөгөөд дэглэмийг хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус байгууллага нь улс орон даяар, их дээд сургуулиас эхлээд төрийн байгууллага хүртэл салбар нэгжтэй бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангах, үзэл суртлын хяналт тогтоох, засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг дарах үүргийг гүйцэтгэдэг.
Тегераны эрх баригчид Израилын мэдэгдлийг үгүйсгэхийг оролдож, Али Ларижанигийн гараар бичсэн гэх зурвасыг нийтэлжээ. Уг зурвас нь АНУ-ын халдлагын үеэр амь үрэгдсэн Ираны далайчдын дурсгалыг хүндэтгэсэн агуулгатай бөгөөд тэдний оршуулга мягмар гарагт буюу 3-р сарын 17-нд болохоор товлогдсон байв. Мөн Ларижанигийн Х хуудаст уг зурвасын гэрэл зураг нийтлэгдсэн байна. Гэсэн хэдий ч Ираны засгийн газраас Израилын мэдэгдлийн талаар албан ёсны тайлбар хараахан өгөөгүй байна.
Нөгөө талаас, Ираны Дээд удирдагч Моджтаба Хаменей АНУ-аас ирүүлсэн гал зогсоох саналыг няцаасан тухай “Reuters” агентлаг дамжууллаа. Саналыг Тегеранд зуучлагч хоёр улсаар дамжуулан хүргүүлсэн байна. Хаменей “АНУ болон Израиль ялагдлаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөр төлөх хүртэл энх тайван тогтоох цаг нь болоогүй” хэмээн мэдэгджээ.
Эцэг Али Хаменейг амиа алдсаны дараа албан тушаалдаа томилогдсон Моджтаба Хаменей одоогоор олон нийтийн өмнө ил гарч ирээгүй байна. Түүний анхны илтгэлийг төрийн телевизийн нэвтрүүлэгчид уншиж танилцуулжээ.
