Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн мэдэгдсэнээр, Газын зурваст ХАМАС бүлэглэлийн шинэ удирдагч Мохаммед Синварыг Израилийн армийн ажиллагааны үеэр устгажээ. Тэрбээр өнгөрсөн онд амь үрэгдсэн Яхья Синварыг орлон тэргүүлэгч болж байв.
Цохилт: Эмнэлэгийн доорх байгууламж руу чиглэв
2025 оны тавдугаар сарын 13-нд Израилийн зэвсэгт хүчин Хан-Юнис хот дахь Европын эмнэлгийн нутаг дэвсгэрт агаараас цохилт өгсөн байна. Израилийн тал үүнийг ХАМАС-ын газрын доорх сүлжээг устгах зорилготой гэж тайлбарласан. Үүний зэрэгцээ барууны мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэхүү цохилтын зорилго нь Мохаммед Синвар байсан тухай цэргийн хүрээнээс “албан бус” мэдээлэл цацагджээ.
28 хүний амь хохирсон ч ХАМАС батлаагүй байна
ХАМАС-ын хяналтанд байдаг Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дээрх агаараас өгсөн цохилтын улмаас 28 хүн амиа алджээ. Гэсэн ч Мохаммед Синварын амь үрэгдсэн эсэхийг ХАМАС одоогоор батлаагүй байна.
ХАМАС-ын цэрэгжилт ба Израилийн хариу
Яхья Синвар нь 2023 оны 10-р сарын 7-ны халдлагыг удирдсан бөгөөд тэрхүү дайралтын үеэр ХАМАС болон тэдэнтэй холбоотой бүлэглэлүүд нийт 1200 орчим израиль иргэнийг хөнөөж, 251 хүнийг барьцаалж Газын зурваст аваачсан билээ.
Үүний хариуд Израиль улс ХАМАС-ыг устгах, барьцаалагдсан иргэдээ суллах зорилгоор цэргийн томоохон ажиллагаа эхлүүлсэн.
Хохирлын талаарх мэдээлэл тодорхой бус
Газын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, дайны эхнээс хойш нийт 54 мянга гаруй хүн амь насаа алджээ. Гэхдээ энэ тоог бие даасан эх сурвалжаар нягтлах боломжгүй бөгөөд мөн хохирогчдын дунд энгийн иргэд хэдэн хувь, ХАМАС-ын байлдагчид хэдэн хувь байсныг тодруулсан мэдээлэл нийтлэгдээгүй байна.