Барселон хотын оршин суугч, 2022 онд бүлэг хүчирхийлэлд өртөж хүнд гэмтэл авсан 25 настай Ноэлия Кастильо Рамос эвтанази (euthanasia – эмнэлгийн аргаар амь насаа таслах) хийлгэх албан ёсны зөвшөөрлийг шүүхээс авлаа.
Ноэлия 2022 онд эмзэг бүлгийн залууст зориулсан халамжийн төвд байхдаа бүлэг хүчирхийллийн золиос болжээ. Энэхүү аймшигт хэргийн дараа тэрээр таван давхрын цонхноос үсэрч амиа хорлохыг завдсан байна. Тэрээр амьд үлдсэн ч бэлхүүснээсээ доош саажилттай болж, бие махбод болон сэтгэл санааны байнгын, асар их шаналал дунд амьдрах болсон юм.
Товлогдсон ажиллагаанаас хэдхэн хоногийн өмнө тэрээр Испанийн телевизэд өгсөн ярилцлагадаа “амар тайван явах” хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр энэхүү шийдвэрээ маш ухамсартайгаар гаргасан бөгөөд үр дагаврыг нь бүрэн ойлгож байгаагаа онцолсон байна.
Бүсгүй ярилцлагадаа: “Миний гэр бүлийнхнээс хэн нь ч эвтаназийг дэмжихгүй байгаа. Учир нь би тэдний хувьд амьдралынх нь нэг багана. Би яваад өгөхөөр тэд энэ их өвдөлттэйгөө үлдэнэ гэдгийг ойлгож байна. Гэхдээ би олон жилийн турш амссан энэ их зовлонгоо одоо л эцэслэж, амар амгаланг олмоор байна. Зүгээр л ингээд дуусгамаар байна” хэмээн нулимс дуслуулан ярьжээ.
Ноэлиягийн эцэг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, ажиллагааг зогсоохоор заргалдсан ч Европын хүний эрхийн шүүх болон Испанийн Үндсэн хуулийн шүүх эцсийн дүндээ бүсгүйн талд шийдвэр гаргасан байна. Шүүх бүсгүйн хүсэлтийг хангахдаа Испани улсад 2021 онд батлагдсан эвтаназийн тухай хуулийг үндэслэсэн бөгөөд уг хуульд удаан хугацааны хүнд өвчин, эргэшгүй шаналалтай тохиолдолд уг ажиллагааг зөвшөөрдөг аж.
Хэдийгээр охиныхоо шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч Ноэлиягийн эх сүүлчийн мөч хүртэл охиныхоо дэргэд байхаа мэдэгджээ. Энэхүү хэрэг нь бие махбодын болон сэтгэл зүйн хүнд дарамтыг эвтанази хийлгэх үндэслэл болгох эсэх тухай олон улсын маргааныг дахин хөндөж байна.
Уг ажиллагааг эмнэлгийн нарийн чанд хяналт, тусгай протоколын дагуу гүйцэтгэх юм. Эмч нарын баг хамгийн сүүлийн мөч хүртэл өвчтөний хүсэл зориг хэвээр байгааг баталгаажуулж, шийдвэр нь ямар нэгэн шахалтгүй, сайн дурынх эсэхийг хянах үүрэгтэй ажээ.
Каталонийн Баталгаажуулалт, үнэлгээний комисс (хэрэгжилтийг хянах байгууллага) Ноэлиягийн бие махбод болон сэтгэцийн шаналал нь хуульд заасан “архаг, хүнд хэлбэрийн зовлон” гэсэн шалгуурт бүрэн нийцэж байгааг баталсан байна. Ноэлия Кастильо Рамосын энэхүү хэрэг нь хувь хүний эрх болон гэр бүлийн хамгаалал хоорондын зааг ялгааг тодотгосон, Испанийн шүүхийн түүхэн дэх нэгэн чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: vt
