2025 оны 6-р сарын 30-нд Улаанбаатар хотноо “Зүүн Азийн стратегийн хэлэлцүүлэг” зохион байгуулагдаж, “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдвийн хүрээнд олон улсын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид цугларлаа.
Боловсролын шинэ эрин: ИИ ба дээд боловсрол
Тус арга хэмжээ нь дээд боловсролын салбарт хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэх, түүний сорилт, боломжийг хэлэлцэх, мөн ЮНЕСКО-гийн 2030 он хүртэлх дээд боловсролын замын зураг болон Тогтвортой хөгжлийн 4-р зорилтыг (ЦУР 4) хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
ЮНЕСКО-гийн харьяа “Unesco-ICHEI” инновацийн төвийн захирал Ли Цзинь хэлэхдээ: “Хиймэл оюун ухааны технологи боловсролын салбарт хурдацтай нэвтэрч байна. Тиймээс үүнийг зөв, хариуцлагатай ашиглах нь чухал. Хувийн мэдээллийн нууцлал, үндэсний өгөгдлийн аюулгүй байдал зэрэг асуудлыг бодлого боловсруулагчид анхаарах ёстой.”
Түүний хэлснээр, тус төвийн шинэлэг богино хугацааны онлайн сургалт нь Зүүн Азийн 120 их дээд сургуулийн 450 гаруй багшийг AI ашиглах ур чадвартай болгон бэлтгэжээ. Энэ нь бүс нутгийн боловсролын чадавхыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж буй арга хэмжээ гэж тэрээр онцолсон.
Хамтын ажиллагаа, шинэ санаачилга
Уулзалтын хүрээнд олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, их сургуулиуд, хувийн хэвшлийнхэн хиймэл оюун ухааныг боловсролд ашиглах боломж, бэрхшээл, шийдлүүдийг хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг эрэлхийлжээ.