2026 оны 2-р сарын 28-ны өдөр эхэлсэн АНУ болон Израилийн цэргийн нүсэр ажиллагааны улмаас Ираны энгийн иргэдийн дунд гарсан хохирлын мэдээлэл ил болоод байна.
Хүний эрхийн HRANA (Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээллийн агентлаг) байгууллагын бэлтгэсэн тайлангаас үзвэл, мөргөлдөөн хурцадсанаас хойш Ираны 1,114 энгийн иргэн амь үрэгдсэн нь албан ёсоор тогтоогджээ. Үүнээс хамгийн их түгшүүр төрүүлж буй баримт нь амиа алдагсдын дотор 183 хүүхэд байгаа бөгөөд тэдний дийлэнх нь 10 хүртэлх насныхан байна. Шинжээчдийн үзэж буйгаар бодит хохирол үүнээс хавьгүй их байх магадлалтай; одоогоор дахин 926 нас баралтын тохиолдлыг баталгаажуулах, ангилах шатанд ажиллаж байна. Байлдааны ажиллагаа үргэлжилж, дэд бүтэц сүйрсэн нь хохирогчдыг тогтоох явцад саад болж байгаа аж.
Сүйрэл ба хохирлын цар хүрээ
Олон улсын Улаан загалмай болон Улаан хавирган сар нийгэмлэгийн бүрэлдэхүүн хэсэг болох Ираны Улаан хавирган сар нийгэмлэг улс орон даяар учирсан хохирлын бүртгэлийг танилцууллаа.
- Газар зүйн хамрах хүрээ: Дайн эхэлснээс хойш тус улсын 174 хот агаарын цохилтод өртөөд байна.
- Халдлагын тоо: Нийт 636 байршилд 1,332 удаагийн дайралт бүртгэгджээ.
- Иргэний дэд бүтэц: Амьдрах орчныг хангах 105 иргэний байгууламж халдлагад өртөж, ноцтой гэмтсэн байна.
Хамгийн хүчтэй бөмбөгдөлтөд хүн ам шигүү суурьшсан Марага, Урмия, Ламерд, Хамадан, Керманшах, Исфахан хотууд болон Курдистан муж өртжээ. Нийслэл Тегеран хотын Нармак, Шахид Кешвордост, Гаем хороолол, мөн Шахид Боружерди болон Косар цогцолборууд халдлагын бай болсон байна.
Түүнчлэн Ираны аврах албаны системд ноцтой хохирол учирчээ. Улаан хавирган сар нийгэмлэгийн долоон гол бааз, тухайлбал Казвин мужийн “Альборз”, Хамадан дахь “Тежарак”, Хомейн дахь салбар, Лорестаны “Залиан”, Бане дахь салбар, Тегеран дахь Нөхөн сэргээх төв болон Бушер дахь хүмүүнлэгийн тусламжийн агуулах агаарын цохилтод өртсөн байна.
Цэргийн ажиллагааны нөхцөл байдал
Сануулахад, 2-р сарын 28-ны өдөр Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Иранд “урьдчилан сэргийлэх” цохилт өгснөө зарласан юм. “Арслангийн архиралт” нэртэй уг ажиллагаагаар Тегеран зэрэг томоохон хотуудыг бөмбөгдөж, хоёр улс агаарын орон зайгаа хаасан билээ.
Удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү ажиллагаанд АНУ нэгдэж байгааг мэдэгдсэн. Пентагоноос АНУ-ын Иранд хийж буй ажиллагааг “Туйлын уур хилэн” (Epic Fury) хэмээн нэрлэсэн юм. Үүний хариуд Иран улс Израиль руу олон арван баллистик пуужин харваад байна.
Мөн Иран улс Ойрхи Дорнод дахь АНУ-ын баазууд буюу Катар, АНЭУ, Бахрейн, Ирак, Саудын Араб, Иордани дахь объектуудад дрон болон пуужингаар цохилт өгсөн. Иран энэхүү хариу үйлдлээ “Үнэн амлалт 4” хэмээн нэрлэжээ.
Дээд хэмжээний албан тушаалтнуудын амь үрэгдэгсэд
Бүс нутагт дайн эхэлснээс хойш нийт 870 гаруй хүн (Иранаас гадна Бахрейн, Израиль, Кувейт, Ливан, АНЭУ-ын иргэд болон АНУ-ын цэргийн алба хаагчид) амь үрэгдээд байна.
3-р сарын 1-ний өдөр Ираны төрийн телевизээр тус улсын Дээд удирдагч Али Хаменеи амь үрэгдсэнийг мэдээллээ. Мөн Аятоллагийн зөвлөх Али Шамхани, Исламын хувьсгалыг хамгаалах корпусын (IRGC) командлагч Мохаммад Пакпур болон Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде нарын өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэн нь батлагдаад байна.
