Интерполын төв байранд Монгол Улсын төрийн далбааг анх удаа мандуулсан нь Монголын цагдаагийн байгууллагын олон улсын хамтын ажиллагаа, нэр хүнд шинэ шатанд хүрснийг харуулсан онцгой үйл явдал боллоо. Энэ нь зөвхөн ёслолын шинжтэй бус, манай улсын хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааны бодит үр дүнг илтгэсэн үйл явдал болж байна.
Тодруулбал, Интерполын Ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын цагдаагийн байгууллагын удирдлагыг Бүгд Найрамдах Франц Улсын Лион хот дохь Интерполын төв байранд тусгайлан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Уг уулзалт, хүндэтгэлийн үйл явдлыг Интерпол өөрийн цахим сувгуудаар дамжуулан олон улсад түгээсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монголын Интерпол гадаад улсад оргон зайлсан этгээдүүдийг илрүүлэх, баривчлуулах, улмаар эх оронд нь шилжүүлэн авчрах чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа аж. Мөн Интерпол болон гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудтай хамтарсан тусгай ажиллагааны чанар, үр дүнгээр тэргүүлэх түвшинд хүрснийг онцолж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр, өнгөрсөн онд нийт 16 оргодол этгээдийг гадаад улсуудаас эх оронд нь авчирч, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэсэн байна. Харин 2026 оны эхний улирлын байдлаар 6 этгээдийг шилжүүлэн авчраад байгаа бөгөөд энэ үзүүлэлт цаашид ч өсөх хандлагатай байгаа юм.
Ойрын хугацаанд Бүгд Найрамдах Польш Улсаас эрэн сурвалжлагдаж буй этгээдийг шилжүүлэн авах ажиллагаа үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Бүгд Найрамдах Польш Улсын цагдаагийн байгууллагаас Улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогчийг баривчилсан талаар өнгөрсөн онд тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв.
- Өнгөрсөн онд 16 оргодол этгээдийг эх оронд нь авчирсан.
- 2026 оны эхний улиралд 6 этгээдийг шилжүүлэн авчраад байна.
- Польшоос эрэн сурвалжлагдаж буй этгээдийг шилжүүлэн авах ажиллагаа хүлээгдэж байна.
