Зэрлэг амьтдыг хамгаалах олон улсын байгууллага император оцон шувууг мөхөх аюулд орсон зүйлүүдийн жагсаалтад нэмж оруулсан тухай “CBS News” агентлаг мэдээллээ.
Дэлхийн дулаарал Антарктид тивийн төрх байдлыг үндсээр нь өөрчилж байгаа энэ үед тус статусын өөрчлөлт нь мөснөөс хамааралтай амьд биетүүдийн оршин тогтнолд бодит аюул нүүрлэснийг илтгэж байна. Император оцон шувууд амьдрах, ан хийх, үржихдээ далайн мөсөн дээр тулгуурладаг бөгөөд мөсөн бүрхүүл хайлж, нурж байгаа нь тэдний тоо толгой эрс цөөрөх гол шалтгаан болж байна.
Дэлхийн эрдэмтэд, засгийн газрууд болон байгаль хамгаалах байгууллагуудын сүлжээ болох Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй далайн мөсний хомсдол нь 2080-аад он гэхэд император оцон шувууны популяцийг хоёр дахин цөөрүүлнэ гэж таамаглаж байгаа юм.
“Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт нь император оцон шувуудын хувьд хамгийн том аюул болоод байна” гэж Улаан дансны үнэлгээн дээр ажилласан IUCN-ийн шинжээчдийн багийн гишүүн Филип Тратана онцоллоо. IUCN-ээс гаргадаг Ховордсон зүйлүүдийн улаан данс нь дэлхий дээрх ургамал, амьтан, мөөгөнцрийн төлөв байдлыг тодорхойлдог хамгийн дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж юм.
Оцон шувууны төрөл дотроо хамгийн том, хамгийн хүндэд тооцогддог, хүзүү болон цээж хэсгийн тод шаргал өнгөөрөө ялгардаг император оцон шувууд Антарктидын хатуу ширүүн уур амьсгалд тэсэж үлдэхийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн. Тэд өвлийн ид хүйтэнд далайн мөсөн дээр үрждэг бөгөөд эр оцон шувууд нь тэгш гадаргуу дээр өндгөө хөл дээрээ тавьж дулаацуулдаг байна. Мөн далайн мөс нь дэгдээхэйнүүд өсөж торних, шувууд өдөө гуужуулж ус нэвтрүүлдэггүй шинэ өдтэй болох хүртэлх хугацаанд аюулгүй орогнох байр болдог аж.
Гэвч цаг уурын өөрчлөлтөөс болоод далайн мөс тогтворгүй болж, хавар эрт хайлж эхлэх эсвэл бүрмөсөн устах эрсдэл үүсжээ. Далайн мөсний хэмжээ 2016 оноос хойш түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа нь император оцон шувуудад шууд нөлөөлж байна. Хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийхэд ердөө 2009-өөс 2018 оны хооронд 20,000 орчим бие гүйцсэн оцон шувуу буюу нийт популяцийн 10 орчим хувь нь үгүй болсон нь тогтоогджээ.
Францын CNRS судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Кристоф Барбро “Энэ төрөл зүйл нь далайн мөс, мөсөн талбайтай салшгүй холбоотой. 2016-2017 оноос хойш Антарктид орчмын далайн мөсний талбай мэдэгдэхүйц багассан тул мөсгүйгээр тэд амьд үлдэхэд маш хэцүү болно” хэмээн AFP агентлагт тайлбарлажээ.
Шинжээч Тратанагийн хэлснээр император оцон шувууд нь “индикатор зүйл” (Indicator species) буюу дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгааг, бид хүлэмжийн хийн ялгарлыг хэр сайн хянаж чадаж байгааг илтгэн харуулдаг амьд толь юм.
