Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск түргэн хоолны зах зээлд McDonald’s-той өрсөлдөхөөр шийдэж, Лос Анжелесийн Холливүүд дүүрэгт анхны “Tesla Diner & Drive-In” нэртэй ретро-футурист хоолны газраа албан ёсоор нээлээ.
Энэхүү шинэлэг ресторан нь зөвхөн бургер, хотдог зэрэг хоолоор үйлчлэхгүй, мөн Tesla цахилгаан машины цэнэглэх 80 ширхэг 4-р үеийн Supercharger цэгээр тоноглогдсон. Үйлчлүүлэгчид 540 инчийн дэлгэцээр кино үзэх боломжтой бөгөөд Tesla Optimus робот болон брэндийн бараа бүтээгдэхүүн ч ресторан дотор байрлаж байна гэж TechCrunch мэдээлжээ.
Ресторан нь зөвхөн Tesla эзэмшигчдэд бус, явган зорчигчдод ч нээлттэй. Нээлтийн өдөр олон хүн дараалалд зогсож байсныг харвал сонирхол татахуйц, аялал жуулчлалын шинэ төв болох магадлалтай байна.
Тус газарт анхны давхар болон дээврийн Skypad хэмээх терраст нийт 250 суудалтай. Мөн хэрэглэгчид автомашин дотроосоо хоолоо захиалж болох ба энэ үйлчилгээ нь Tesla Diner нэртэй аппликейшнээр дамжин автомашины дэлгэц дээр ажиллана.
Маск хэрэв энэхүү төсөл амжилттай байвал дэлхийн томоохон хотууд болон Supercharger станцуудын ойролцоо ижил төрлийн ресторануудыг цувралаар нээхээ мэдэгджээ.