АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хүрээллийн хүмүүстээ мэдээлснээр, бизнесмэн Илон Маск ойрын долоо хоногуудад Цагаан ордонд хүлээсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх төлөвтэй байна гэж Politico эх сурвалжуудын мэдээллээр уламжилжээ.
Маск одоогоор Төрийн удирдлагын үр ашигтай байдлын газар (DOGE)-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Трамп түүний ажлын гүйцэтгэлд сэтгэл хангалуун байгаа ч, Маск өөрийн үндсэн бизнест анхаарах хэрэгтэй хэмээн хоёр тал зөвшилцсөн байна. Трамп энэ тухайгаа 3-р сарын 24-нд болсон Засгийн газрын хуралдаанд мэдэгджээ.
Politico-гийн мэдээлснээр, Маск ирэх тавдугаар сарын сүүл — зургадугаар сарын эхэн хүртэл хүчинтэй “тусгай төрийн албан хаагч”-ийн статустай бөгөөд энэ хугацаа дуусмагц тэрбээр албан ёсны үүргээсээ татгалзах бололтой. Гэвч тэрбээр “албан бус зөвлөх” байдлаар Трампын ойрын хүрээнд үлдэх магадлалтай гэж эх сурвалж онцолжээ.
Илон Маск гуравдугаар сарын сүүлээр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “130 хоногийн дотор улсын төсвийн алдагдлыг 1 их наяд ам.доллараар бууруулах зорилгодоо хүрэхийг хүсэж байна” гэж онцолж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч 4-р сарын 1-нд “Маск компаниудаа удирдахад эргэн оролцохыг хүсэж байгаа, энэ бол түүний хүсэл. Гэхдээ бид аль болох удаан хамтран ажиллана гэж найдаж байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд түүнийг “маш авьяастай залуу” хэмээн магтжээ.
DOGE-ийн зүгээс төрийн байгууллагуудын нийт ажиллагсдын 4 хувийг бүрдүүлдэг 75 мянган төрийн албан хаагчийг сайн дурын үндсэн дээр албан тушаалаасаа чөлөөлж, есдүгээр сар хүртэл цалин авах нөхцөлтэйгөөр халахаар болсон нь олны анхаарлыг татсан. The Washington Post-ын мэдээлснээр, ижил төстэй саналыг мянга мянган төрийн албан хаагчдад хүргүүлээд байгаа аж.