HomeОлон улсын мэдээИх Британийн сургуулиудад сурагчид багш руугаа халдах тохиолдол эрс өсөв

Их Британийн сургуулиудад сурагчид багш руугаа халдах тохиолдол эрс өсөв

Их Британийн сургуулиудад сурагчдын зүгээс багш нарт түрэмгий хандах, бие махбодод нь халдах тохиолдол огцом нэмэгдэж байгааг “Таймс” сонин онцоллоо. Албан ёсны тоо баримтаас үзвэл, бага сургуулийн сурагчид насанд хүрэгчдийн биед халдсаны улмаас сургуулиас түр түдгэлзүүлэх шийдвэр сүүлийн жилүүдэд хоёр дахин өсжээ. Тодруулбал, 2018-2019 оны хичээлийн жилд 19 мянга орчим ийм тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023-2024 онд энэ тоо 40 мянгад хүрсэн байна.

Зөвхөн 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд л гэхэд 16 мянган халдлага бүртгэгдсэн нь арван жилийн өмнөх бүтэн жилийн үзүүлэлтээс ч давсан үзүүлэлт юм. Түрэмгийлэл газар авч байгаад багш нар ихээхэн түгшиж байна. Бага ангийн нэгэн багш зодоон салгах гэж оролдох үеэрээ таван настай сурагчдаа хазуулж, маажуулж, өшигчүүлсэн тухайгаа “Таймс” сонинд ярьжээ.

“Тэр миний хөл, гар руу хазаж, нуруу руу өшиглөж байсан. Тэр үед би зөвхөн ‘гуйя, миний гэдэс рүү л битгий цохиосой’ гэж залбирч байлаа” хэмээн тэрээр дурсжээ.

Иймэрхүү халдлага тогтмол гарах болсон тул зарим сургуулиудад багш нар тусламж дуудах богино долгионы станц (раци) ашиглах, хазуулж гэмтэхээс сэргийлж хамгаалалтын накладк өмсөхөд хүрч байна. Хоёр арван жил багшилсан өөр нэгэн багш “Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил, зан авирын асуудал хяналтаас гарч, уруудаж байгааг мэдэрч байна” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр 4-5 настай хүүхдүүд хүртэл багш руугаа юм шидэх, цохих нь хэвийн үзэгдэл болсон гэнэ.

9 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчдийг хамруулсан судалгаагаар, бага сургуулийн багш нарын 35 хувь нь хичээлийн жил эхэлснээс хойш сурагчдын зүгээс бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэжээ. Дунд сургуулийн хувьд энэ үзүүлэлт 5 хувьтай байна. Багш нар үүний шалтгааныг хүүхдүүд дэлгэцийн өмнө хэт их цаг өнгөрөөх, эцэг эхийн хараа хяналт сулрах, түүнчлэн боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд үзүүлэх дэмжлэг дутмаг байгаатай холбон тайлбарлаж байна.

Мөн сүүлийн үед дэлгэрээд буй “зөөлөн хүмүүжил” (gentle parenting – хүүхдийг шийтгэлгүйгээр, зөвхөн ярилцаж ойлгуулах арга барил) нь бодит байдал дээр тэр бүр үр дүнгээ өгөхгүй байгааг тэд шүүмжилжээ. “Эцэг эхчүүдийн хариуцлага дутаж байна. Бид асуудлыг хэлэхэд тэд нуцтой хүлээж авахгүй, эсвэл багшийг буруутгадаг” гэж нэгэн багш гомдоллов.

Иймэрхүү дарамт шахалтаас болж багш нар мэргэжлээ орхих нь ихэсжээ. Тоо баримтаас үзвэл, багш нарын гуравны нэг нь ажлын эхний таван жилдээ багшлахаас татгалздаг байна. Багш нарын үйлдвэрчний эвлэлүүд энэ нөхцөл байдлыг “айдас төрүүлэм” хэмээн нэрлэж, үндэсний хэмжээнд дорвитой арга хэмжээ авахыг шаардаж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд