БНХАУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан Тан Рэньжянийг Жилин мужийн Чанчунь хотын дунд шатны шүүхээс цаазаар авах ялаар шийтгэсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлэв. Шүүхийн тогтоолын дагуу түүний ялыг хоёр жилээр хойшлуулан гүйцэтгэхээр болсон байна.
Мөрдөн байцаалтын явцад тогтоосноор Тан Рэньжянь 2007-2024 оны хооронд төрийн янз бүрийн албан тушаал хашиж байхдаа нийт 268 сая юань буюу 37.6 сая ам.долларын авлига авсан нь илэрчээ. Тэрбээр өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
Түүнийг шалгах ажиллагаа урьд өмнө байгаагүйгээр хурдтай явагджээ. 2024 оны тавдугаар сард авлигын эсрэг байгууллага мөрдөн шалгалт эхлүүлж, зургаан сарын дараа буюу арван нэгдүгээр сард Коммунист намын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэн, бүх албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг богино хугацаанд шалгаж шийдвэрлэж байгаа нь анхаарал татаж буй. Өмнө нь Батлан хамгаалахын сайд Ли Шанфу болон Тан Рэньжяний өмнөх сайд Вэй Фэнхэгийн хэрэг ч мөн адил хурдан шийдэгдсэн байдаг.
Хятадын дарга Ши Жиньпин 2020 оноос авлига, хээл хахуулийн эсрэг өргөн хүрээтэй цэвэрлэгээний ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хууль сахиулах байгууллагуудын үнэнч, найдвартай байдлыг хангах зорилго тавьсан гэж үздэг.