Төсвийн дарамт нэмэгдэж, эх үүсвэрийн асуудал хөндөгдөв
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр (2025.10.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, багш, эмч нарын цалинг 15–20 хувиар нэмэхтэй холбоотойгоор төсвийн эх үүсвэрийн хомсдол үүссэн талаар онцоллоо.
Тэрбээр “Бүх яам урсгал зардлаа 10–15 хувиар бууруулах судалгаа хийж байна. Төсвийн байнгын хороонд ахмад настны тэтгэвэр болон багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэхэд шаардагдах хөрөнгийг хаанаас гаргах талаар хэлэлцэж байгаа. Энэ үеэр хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Нийгмийн даатгалын сангийн төсөв ч хөндөгдөж байна” гэж хэлэв.
Т.Аубакир сайд хүүхдийн мөнгөнөөс эх үүсвэр гаргахыг эсэргүүцэж, “Хүүхдийн мөнгө бол халамж биш, баялгийн тэгш хүртээмжийн бодлого. Үүнээс хасалт хийх нь нийгэмд сөрөг үр дагавартай” гэж мэдэгдсэн байна.
Хүүхдийн мөнгө, Нийгмийн даатгалын сангийн маргаан
Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгө рүү тодорхой хэмжээгээр орохоос өөр аргагүй байдал үүссэн талаар мэдээлсэн гэж сайд дурдсан. 2026 оны төсөвт 1.35 сая хүүхдэд 1.5 их наяд төгрөг олгохоор тусгагдсан бөгөөд энэ нь шинээр төрөх болон эндэх тохиолдлыг тооцсон дүн ажээ.
Нөгөө талаас Сангийн яамнаас Нийгмийн даатгалын сангийн төсвийг бууруулах санал гаргасан ч, энэ нь улсаас жил бүр 2 их наяд төгрөгийн татаас авч буй тус сангийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж сайд онцолсон.
Өнөөдөр МАН болон АН-ын бүлгүүд тус тусдаа хуралдаж, үүссэн нөхцөл байдлаас гарах гарцыг хэлэлцэж байгаа бөгөөд бүлгийн шийдвэр нь улсын төсвийн бодлогод чухал нөлөө үзүүлэхээр байна.
