Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хүүхдийг зам, тээврийн ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой дэмжих бүлэг байгуулагдсан талаар мэдээллээ. Энэ бүлгийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг УИХ-ын нийт 38 гишүүн дэмжсэн байна.
Хүүхдийн амь насанд заналхийлсэн ослын статистик
2018–2023 оны хооронд улсын хэмжээнд 108 мянга орчим зам, тээврийн осол бүртгэгдсэнээс 1298 хүн амиа алдсан, үүнээс 260 нь хүүхэд байсан нь анхаарал татах ноцтой тоо юм. Харин 2024 оны байдлаар энэ төрлийн ослын тоо өсөх хандлагатай байж, нэг жилийн дотор 60 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан байна.
БНСУ-ын туршлагаас суралцана
Хүүхдийн амь насыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах асуудал зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад ч чухалд тооцогддог. Тухайлбал, БНСУ-д 1990-ээд оны үед жилд дунджаар 1500 орчим хүүхэд зам тээврийн ослоор амиа алддаг байсан. Гэтэл хууль эрх зүйн орчныг сайжруулж, олон талт хамгаалалтын тогтолцоо нэвтрүүлснээр 2023 онд ердөө 14 хүүхэд замын осолд өртөн нас барсан нь бодит үр дүнтэй жишээ хэмээн онцолж байна.
Монгол Улс ч мөн ижил замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хүүхдүүдийн аюулгүй орчныг хангахын тулд хууль, бодлогын түвшинд зохицуулалт хийх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготойгоор энэ бүлгийг байгуулжээ.