2025 оны 8-р сарын 17-ны Ням гарагт 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн задгай талбайд “Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг” дахин зохион байгуулагдана.
Гэртээ өмсөхөө больсон, шүүгээнд хуримтлагдсан хувцаснууд олон хүний хувьд зай эзэлдэг асуудал болдог. Энэ удаагийн өдөрлөгт хуучин хувцсаа авчирч хандивласан хүн бүр “Ногоон оноо” (Green Score) хүртэх бөгөөд энэ оноогоор төрөл бүрийн урамшуулал авах боломжтой болно. Зохион байгуулагчид удахгүй нэмэлт мэдээлэл, хамтран ажиллах байгууллагуудын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. Хэрэгтэй хүмүүст хувцас хандивлах энэхүү санаачилгад нэгдэхийг уриалж байна.
Хувцасны шаардлага:
- Угаасан, цэвэрхэн байх.
- Урагдал, гэмтэлгүй байх.
Гутлын шаардлага:
- Цоорхойгүй байх.
- Ул нь хальтиргаагүй, бүрэн бүтэн байх.
- Урагдалгүй байх.
Өнгөрсөн жилийн өдөрлөгт цугларсан хувцсыг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Veloo Foundation-д хүлээлгэн өгсөн юм. Энэ жил өдөрлөгийг улам сайжруулж, хандивлагдсан хувцсыг ангилан ялгаж, сайн дурын байгууллагуудын дэмжлэгтэйгээр илүү хүртээмжтэйгээр хэрэгцээтэй хүмүүст хүргэхээр төлөвлөж байна гэж НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан мэдээлжээ.