Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд нэн ховор амьтны жагсаалтад багтдаг хүрэн баавгайг хууль бусаар агнасан хэрэг гарчээ. Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутагт үйлдэгдсэн уг хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн, одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор иргэдийн мэдэх ёстой хуулийн зохицуулалтыг сануулъя:
Эдийн засгийн хохирол
Засгийн газрын тогтоолоор хүрэн баавгайн экологи-эдийн засгийн үнэлгээг 12,450,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Хуулийн дагуу амьтны аймагт учруулсан хохирлыг энэхүү үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог тул буруутай этгээд зөвхөн нөхөн төлбөрт 25 орчим сая төгрөг төлөх үндэслэлтэй юм.
Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, түүхий эдийг нь бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд дараах ял шийтгэлийг оногдуулдаг:
- Торгууль: 10,000,000-аас 40,000,000 төгрөг хүртэл.
- Хорих ял: 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих.
Хүрэн баавгай нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй, хуулиар хамгаалагдсан амьтан тул иргэдийг зөвшөөрөлгүй агнуур хийхгүй байх, байгаль эхээ хамгаалахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
