Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн алдарт “Хунт нуур” балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 24, 25-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байна.
Уран бүтээлийн бүрэлдэхүүн
- Цомнол: В.И.Бегичев, В.Ф.Гельцер
- Балетмейстер: ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва
- Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх
П.И.Чайковский амьдралдаа гурван балет туурвисан нь “Щелкунчик”, “Нойрссон гүнж” болон “Хунт нуур” юм. Эдгээрийн дундаас “Хунт нуур” нь дэлхийн сонгодог балетын оргил бүтээл хэмээн үнэлэгддэг. Тус бүтээлийг 1877 оны гуравдугаар сарын 7-нд Оросын Их театрын тайзнаа анх тоглож байжээ.
Анхандаа хөгжмийн зохиолч энэхүү бүтээлийг “Озера лебедей” нэртэй, нэг үзэгдэлтэйгээр үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан бичсэн ч цаг хугацааны явцад хүүхдийн зохиолоос хальж, дэлхий дахины сонгодог урлагийн үнэт өв болон хөгжсөн юм.
Дэлхийн тайзнаа мөнхөрсөн “Хунт нуур”
Өдгөө “Хунт нуур” нь дэлхийн бүхий л томоохон театрын тайзнаа олон мянган удаа тоглогдсон, сонгодог балетын хамгийн эрхэм бүтээлүүдийн нэг хэмээн тооцогддог. Одетта — Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчдын ур чадварыг шалгадаг хамгийн сорилттой дүр бөгөөд энэхүү бүтээл “балет” хэмээх урлагийн төрлийн бэлгэ тэмдэг болсон билээ.
Манай улсын Дуурь бүжгийн эрдмийн театр “Хунт нуур” балетыг анх 1975 оны зургаадугаар сарын 28-нд үзэгчдэд хүргэж байжээ.
- Удирдаач: УГЗ Ж.Чулуун
- Дэглээч: АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагва
Тэр үеийн анхны дүрүүдийг:
- Одетта — Одиллия: АЖ Ю.Оюун
- Зигфрид: МУГЖ Э.Оюунбат
- Алиа салбадайн дүрийг: АЖ О.Ганбаатар нар бүтээж байсан түүхтэй.
Өдгөө “Хунт нуур” балет дахин тайзнаа сэргэж, шинэ үеийн уран бүтээлчдийн ур чадварыг сорих, үзэгчдэд сонгодог урлагийн үнэ цэнийг дахин мэдрүүлэх гэж байна.
