Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгчдэд ажиллав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд дотоодын хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Ерөнхийлөгчийн зочилсон “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн сайжруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгчээ.
Өндөгний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэнэ
“Түмэн шувуут” компани урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулсан бөгөөд одоо гурав дахь үйлдвэрээ барьж байна.
- 2025 онд 170 сая ширхэг өндөг,
- 2026 онд 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэхээр төлөвлөсөн нь дотоодын зах зээлийн 50 хувийг хангах боломж бүрдүүлнэ.
Мөн “Агро фийд” үйлдвэр нь тахиа болон бусад мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн 25 шувууны аж ахуйг хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Дотоодын түүхий эдийн хэрэглээ өсөж байна
Компанийн үйлдвэрлэлд дотоодын тариаланчдаас 38 мянган тонн улаан буудай, хивэг, овьёос худалдан авсан бол 2026 онд энэ хэмжээг 53 мянган тонн болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн махны чиглэлийн “Дорпер” үүлдрийн хонины үржлийн аж ахуйн төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус компани 17 төрлийн савлагаатай өндөг, 10 төрлийн тэжээл, органик бордоо үйлдвэрлэдэг.
Хүнсний хангамжийн бодлогын үр дүн
Монгол Улс 2020 оноос өмнө өндөгний хэрэгцээнийхээ 50 гаруй хувийг импортоор авдаг байсан. Харин 2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнөөр:
- Аж ахуйн нэгжийн тоо, хүчин чадал нэмэгдэж,
- Тоног төхөөрөмж шинэчлэгдэн,
- Үйлдвэрлэл эрчимжсэн байна.
Ингэснээр 2025 онд дотоодын өндөгний хэрэгцээг 80 хувь, 2026 онд 100 хувь хангах боломж бүрджээ.
Ерөнхийлөгчийн талархал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамжийн үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, бодит үр дүн гаргаж буй аж ахуйн нэгжүүд болон баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв.
Хөдөлгөөний хүрээнд нийт 3,000 гаруй аж ахуйн нэгж нийлээд 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлээ өргөжүүлж байна.
