Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024–2025 оны улирал “Хасын Хүлэгүүд” багийн аваргын алтан туузаар албан ёсоор төгслөө. Тэд Бишрэлт Металл багийг финалын цувралд 4:2 харьцаатай буулган авч, багийн түүхэн дэх ес дэх аваргын титмээ зүүж, хоёр дараалан түрүүлж буйгаа зарлалаа.
Хүлэгүүд энэ улиралд өрсөлдөгч баг бүрийн сэтгэл зүйг ганхуулж, улирлын туршид ноёлсон. Тэдний тоглолтын зохион байгуулалт, хамгаалалт, довтолгоо гурвуул салшгүй уялдаатай ажиллаж, нэг багийн ачаа бүхэлдээ зөв хуваарилагдсан байв. Финалын “MVP” шагналыг Иан Миллер хүртсэн бол легионерүүдийн оролцоо үр дүнгээ дахин өгч, Жордан Толберт, Иан Миллер нар үүргээ бүрэн биелүүлэв.
“Хэрвээ” гэдэг үг Бишрэлт Металлын сүүдэр хэвээр
Бишрэлт Металл баг гурав дахь жилдээ мөнгөн медаль зүүж байна. Жил бүр амжилттай тоглож байгаа ч, аваргын шатаас нэг алхам дутуу үлдэх нь тэдний хувьд хүнд сорилт хэвээр.
Өмнө нь Б.Билгүүн, О.Сэргэлэн, Д.Мөнхтүвшин гэх мэт туршлагатай тоглогчид Хүлэгүүдийг төлөөлж байсан бол одоо А.Азбаяр, Б.Барсболд, Ч.Ихбаяр, Э.Саруул-Эрдэнэ, Г.Биндэръяа зэрэг залуусын нэр дуудлагад гарч байна. Багийн шинэ цөм бүрэлдэж, ирээдүйгээ бэлдсэн нь ийнхүү өнөөдөр үр дүнгээ өглөө.
Туршлагагүй ч сэтгэлтэй, зоригтой дасгалжуулагчийн тактик, багийн хөлсний бус тоглогчдын идэвх энэ улирлыг илүү үнэмшилтэй, хүндлэлтэй аваргаар өндөрлүүлэв. Хүлэгүүдийн хувьд “азтай аварга” гэх цуу ярианд бодитой хариу барьсан улирал байлаа.
Олон улсын тавцанд дараагийн алхам
“Хасын Хүлэгүүд” одоо Азийн аваргуудын лигт өрсөлдөх томоохон сорилттой нүүр тулна. Улаанбаатарт болох хэсгийн шатны тоглолтод тэд “тэнцүү өрсөлдөгчтэй” баг харагдахгүй байгаа нь амжилтын итгэл төрүүлж байна. Үүн дээр Зүүн Азийн Супер лигт тоглох эрхээ баталгаажуулсан нь олон улсын тавцанд шинэ ирээдүйг нээж байна
Хүлэгүүдийн хувьд дараагийн улиралд өөрсдөдөө уйдахгүй байхад л хангалттай боллоо. Хэрэв “гурав дараалан түрүүлэх” бол тэд дотоодын сагсан бөмбөгийн түүхэн домог болж үлдэнэ. Харин бусад багуудад үлдэх ганц зорилго – Хүлэгүүдийг буулган авч, түүхийг өөрчлөх л байх болно.