Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” хэмээх газраас энэ сарын 17-нд хоёр настай хүү сураггүй болсон тухай дуудлага бүртгэгдсэн бөгөөд эрлийн ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
ОБЕГ, цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд болон иргэд эрэлч нохой, дрон, техник хэрэгсэл ашиглан эрлийн ажиллагаанд оролцож байна. Хөвсгөл аймгийн ОБГ-ын дэд дарга Б.Батзоригоос мэдээлснээр өнөөдрийн байдлаар эрлийн багийнхан 246 хүн, 10 нохой, 142 техник, есөн дронтой гурван хэсэгт хуваагдан эрэл хийж байгаа бөгөөд одоогоор хүүхдийн талаарх ямар нэг ул мөр илрээгүй байна.
Эхийн мэдүүлэг ба эрлийн явц
Хүүгийн ээж С.Мягмарсүрэн “Манай Хөвсгөл аймгийн Тариалан суманд дөрөв дэх жилээ өвөлжих гэж байна. Бид саахалтынхантайгаа мод бэлтгэхээр ярилцаад аав, ах хоёрынхоо араас хүүхдүүдтэйгээ явсан. … Хүү минь эсэн мэнд байгаа гэж бодож байгаа. Хаа нэг газраас эрэгтэй хүн тэврээд гараад ирэх юм шиг мэдрэмж төрж байгаа” гэж ярьсан юм.
Хөвсгөл аймгийн ОБГ-ын Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Г.Болортуяа “Эрлийн багийнхан хүүг алга болохоосоо өмнө хоноглосон айл болон Сайхан модны хооронд самналт хийж байна. Мөн таван иргэн эрлийн явцад төөрсөн ч удалгүй олдсон. Эрлийн ажилд сайн дураараа оролцож буй иргэдийг харанхуйгаас өмнө буцааж байгаа” гэж мэдээлэв.
Цагдаагийн байгууллагын байр суурь
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр есдүгээр сарын 17-ны 20:40 цагт хоёр настай хүүхэд сураггүй болсон дуудлагыг хүлээн авч, эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Орон нутгийн цагдаагийн газар болон Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд, эрэлч нохойнуудыг дайчлан ажиллаж байгаа бөгөөд хүүхэд одоогоор олдоогүй байна. Мөн алга болсон хүүхэдтэй холбоотой мэдээллийг хууль, журмын дагуу иргэдээс төлбөртэйгөөр авч байгааг онцолжээ.