Хөвсгөл, 2025 оны 6 сарын 23 — Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв өнөөдрөөс эхлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, клиникийн профессор агсан М.Батсайхан эмчийн нэрэмжит болж байна. Тэрбээр аймгийн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, цусны албаны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй эмч байв.
Нэрэмжит болгосонтой холбогдуулан түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, дурсгалын хөшөө босгосон бөгөөд хүндэтгэлийн ёслолд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” Д.Улаанхүү, талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд болон эмнэлгийн хамт олон оролцов.
Үйл хэргийг нь үргэлжлүүлнэ
Ёслолын үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ:
“Цусны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан М.Батсайхан эмчийн үйл хэргийг залгамжлан, түүний нэрэмжит төвийн үйл ажиллагааг тогтвортой, үр дүнтэй авч явах нь бидний үүрэг. Мөн донорын үйлсийг түгээгч иргэдэд талархал илэрхийлье”, — хэмээн онцоллоо.
Жилд 1000 гаруй нэгж цус үйлдвэрлэдэг
Хөвсгөл аймгийн Цусны салбар төв нь жил бүр 700 орчим донороос цус авч, 1000 гаруй нэгж цус үйлдвэрлэн, аймгийн 23 сум, 1 тосгон, хувийн хэвшлийн 7 эмнэлэг, Нэгдсэн эмнэлгийн 18 тасгийг ханган ажиллаж байна.
Мөн жил бүр донорын өдрийг тохиолдуулан цус хандивлах ач холбогдлыг сурталчлах, донорын эгнээг нэмэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай.
2018 оноос хойш жишиг төв болж, 8 төрлийн 1500 нэгж цус, цусан бүтээгдэхүүн орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой болсон нь Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт эргэлт авчирсан, бодит дэвшил хэмээн үнэлэгддэг.