Хөвсгөл аймагт есдүгээр сарын 17-нд сураггүй болсон хоёр настай хүүгийн цогцсыг найман хоногийн дараа олсон хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн ээж тухайн өдөр ууланд мод бэлтгэж байсан нөхөртөө хоол хүргэхээр хоёр хүүхэдтэйгээ хамт очжээ. Өдрийн 15:00 цагийн үед хүүхдүүдийг автомашинд унтаж байхад нь үлдээгээд, 20 орчим минутын дараа буцаж ирэхэд хүү сураггүй болсон байв. Тэрбээр “өмнө нь дүүгийнхээ дэргэд хүүгээ ганцааранг нь орхиж байгаагүй” хэмээн хэвлэлд ярьсан байдаг.
Эрлийн ажиллагаанд Хөвсгөл болон ойролцоох аймгийн онцгой байдлын алба хаагчид, сайн дурынхан, эрэлч нохой, дулаан мэдрэгчтэй дрон зэрэг техник хэрэгслийг ашиглан оролцсон. Гэр бүлийнхэн эрлийг зогсоох хүсэлт гаргасан ч Онцгой байдлынхан дахин гурван хоног хайх шийдвэр гаргажээ.
Улмаар есдүгээр сарын 25-нд нэгэн эмэгтэй онцгой байдлын алба хаагч, цагдаа болон хоёр эрэлч нохойн хамт хүүгийн цогцсыг ой модноос илрүүлсэн байна. Хүүгийн бие, хувцас бүрэн бүтэн байсан бөгөөд гаднын нөлөөний шинж одоогоор тогтоогдоогүй байна.
Цагдаагийн ерөнхий газраас “Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Задлан шинжилгээ орон нутагт хийгдэж байгаа бөгөөд шинжилгээний хариу 21 хоногийн дотор гардаг” гэж мэдэгджээ.
Ингэхээр есдүгээр сарын 25-наас тооцоход энэ сарын 16-нд задлан шинжилгээний хариу гарах юм байна.