2025 оны наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Ховд аймагт “Олон улсын хөөмийн зургаа дахь наадам” болох гэж байна. Энэ хүрээнд зохион байгуулах ажлын багийнхан долоодугаар сарын 31-ний өдөр хуралдаж, наадмын бэлтгэл ажил, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцов.
Наадмын хүрээнд “Монгол хөөмийн урлаг” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ-ын 10 гаруй эрдэмтэн судлаач оролцож, хөөмийн өв, түүх, хөгжлийн талаар илтгэл тавихаар болжээ.
Мөн хөөмийн уралдаан дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж, гурван улсын 70 орчим хөөмийч оролцохоор бүртгүүлсэн байна. Энэ бол зөвхөн урлагийнхны баяр бус, соёлын өвийг тээж буй иргэд, судлаачид, сонирхогчдод зориулсан томоохон арга хэмжээ болох юм.
Наадмын зорилго нь:
Монгол хөөмийн өв соёлыг судлан сурталчлах, хадгалах, өвлүүлэх
Авьяастнуудыг тодруулан олон нийтэд таниулах
Хөөмийчдийн ур чадварыг ахиулах
Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа юм.
Энэ нь зөвхөн нэгэн урлагийн төрөл төдийгүй дэлхийд хосгүй дуу авианы гайхамшигт соёлын өвийг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг юм.