Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан болон менингококкын халдварын тархалт нэмэгдэж буй талаар мэдээллээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт менингококкын нэг тохиолдол тусгаарлагдаж, шинжилгээгээр батлагджээ. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа гэж ХӨСҮТ мэдээлэв.
Улаанбурхан өвчин Улаанбаатар болон хөдөө орон нутагт эрчимтэй нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр онцолж, Өмнөговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тэрээр өмнө нь Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн халдварын тандалт, вакцинжуулалтын ажлыг дуусгасан ч улаанбурхны тохиолдол буурахгүй байгааг дурдсан. Ялангуяа сургуулиудад Цагаан сарын золголт их хийсэнтэй холбоотойгоор халдварын хавьталтай хүмүүс нэмэгдэж, 23-р сургууль болон Эхлэл сургуулийн сурагчдаас илэрсэн тохиолдлууд лабораториор батлагдаж буйг анхааруулсан.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улаанбурхан өвчин туссан хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд болон вакциныхаа эхний болон хоёр дахь тунгаас хоцорсон хүүхдүүд байгаа аж. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдийнхээ вакцинжуулалтын бүрэн байдлыг нягталж, нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа улаанбурхан өвчний тархалт олон улсад өндөр түвшинд байгаа талаар мэдээллээ. Гуравдугаар сарын эхний байдлаар дэлхийн 58 улсад улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдсэн бөгөөд Монголчуудын ихээр зорчдог Вьетнам, Тайланд зэрэг орнуудад халдварын тохиолдол буурахгүй байгаа аж. Мөн манай хөрш ОХУ-д улаанбурхан өвчний олон тохиолдол бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.
Тиймээс ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг дагаж мөрдөх, хүүхдээ цаг тухайд нь вакцинжуулах, олон нийтийн газарт халдвар хамгааллын дэглэм сахих, улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа улс орнуудад зорчихдоо онцгой анхаарал хандуулахыг иргэдэд зөвлөлөө.